Өнгөрөгч оны гуравдугаар 26-ны өдөр Тод Каннам арьс гоо заслын эмнэлэгт өөх соруулах хагалгаа хийлгэсэн 29 настай эмэгтэй харамсалтайгаар нас барсан тухай бид мэдээлсэн.

 

Талийгаачид өөх соруулах хагалгаа хийх үеэр хүндрэл үүсэж улмаар зүрх нь тасалдаж эхэлсэн. Улмаар яаралтай Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авалгүй дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан билээ.

 

Тэгвэл уг хэрэг холбогдогч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон  бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн_ 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.


Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байна.