Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хороо байгуулжээ. Түр хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийж, сар шинийн өмнө зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөгийг олгохыг Ерөнхийлөгчөөс хүслээ. 

 

Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар энэ талаар  "Иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг төрөөс тэглэх хуулийг УИХ  баталсан. Энэ нь Үндсэн хуульд заасан эрх тэгш байдлыг зөрчиж, зээлгүй ахмадуудын эрх ашгийг зөрчиж байна. Бид эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулан, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.

 

Зээл аваагүй өрх толгойлсон 20 мянган эмэгтэй байна. Ерөнхийлөгчид бид санал хүргүүлж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлөх саналыг Ерөнхийлөгч гаргаж, УИХ буруу тогтоол гаргалаа. Байгалийн баялгийн хишгийг тэгш хүртээж, зээл аваагүй 200 мянга орчим ахмадуудад Сар шинийн өмнө гурван сая төгрөгийг олгохыг  хүсье. Бага тэтгэвэр авдаг ахмадууд зээл авах боломж муу, хамтран зээлдэгчтэй байдаг, хүү өндөр зэрэг банкны дарамт их байдаг.

 

Тиймээс УИХ-ын тогтоолд хориг тавьж, зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөгийг Сар шинийн өмнө бэлнээр өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг дэмжих нь чухал байна. Зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөг өгөх нь дотоодын эдийн засагт доргилт үүсэхгүй, харин ч эерэг нөлөөтэй байх юм"  хэмээн мэдэгдлээ. 

 

Тэд энэ саналаа Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэхийг хүсч байгаа аж.