БНСУ-ын Хууль зүйн яамнаас өршөөлийн аян зарлажээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам энэ талаарх мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан байна. 

 

Аяны хүрээнд сайн дураараа нутаг буцаж байгаа гадаадын иргэдэд дараах хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхээр болжээ.

 

Сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, БНСУ-ын хилээр гарсан өдрөөс хамаарч доор дурдсан хугацааны дараа БНСУ-д дахин ирэх богино хугацааны виз /С-3, 90 хоног/ олгохоор болсон байна.


2019.12.11-2020.03.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа
2020.04.01-2020.04.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа
2020.05.01-2020.05.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа
2020.06.01-2020.06.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа


Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-д ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд нь нэг жилийн хугацаатай /С-3, 90 хоногийн, олон удаагийн виз/ олон удаагийн виз олгох ажээ. Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах /D-2/, дадлагажигч /D-4/, хөрөнгө оруулагч /D-8/ виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.