Цагаан сараар хулгайн гэмт хэрэг ихэсдэг 

Админ
2020/02/13

Хулгайлах гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг зааж өгсөн байдаг. 


Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, цаашдаа өсөх хандлагатай байна.


Энэ төрлийн гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг учир иргэд олон нийт маань өөрсдийн эд хөрөнгийг байнгын хараа хяналтанд байлгаснаар хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уламжлалт цагаан сарын баяр  эхэлж байгаа энэ үед иргэд, хулгайд эд зүйлсээ алдах, орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэлээд бүртгэгддэг.


Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажил арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байна. 


Улсын хэмжээнд 2020 оны 02 сарын 02-ны өдрөөс 02 сарын 28-ны өдрийг хүртэл цагдаагийн байгууллага “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж эхэлсэнтэй холбогдуулан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүйгээр бүртгэгдсэн хулгайлах төрлийн гэмт хэргийг илрүүлэх, цаашдаа хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. 


Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, цаашдаа өсөх хандлагатай байна.


Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жилд хулгайлах гэмт хэрэг 5421 бүртгэгдсэн ба 2015-2017 онуудад дунджаар 18.1 хувиар өсч, 2018, 2019  онд дунджаар 12.7 хувиар буурчээ.


Хулгайлах гэмт хэрэг 2019 онд 888 бүртгэгдэж, үүний улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 1 тэрбум 16 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оныхоос 12.7 хувиар өссөн дүн юм.


Хулгайлах гэмт хэргийн 10.4 хувь нь 1 дүгээр сард, 10.0 хувь нь 2,4 дүгээр саруудад тус тус бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. 

 

 Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл гарч байна 

 

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон байр, тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдрийн цагаар явган эргүүл, хэв журмын урамшилт эргүүлийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд, оройн цагаар авто эргүүл болон бусад харьяа анги байгууллагуудтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.


Мөн байр, орон сууц, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын теле хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баяр, амралтын өдрүүдэд сонор сэрэмж, хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, айл өрх бүрт зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна. 


Мөн хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд орчиндоо гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан камер байршуулж аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллаж байна.


Хэдий цагдаагийн байгууллагаас хуулиас хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа боловч иргэдийн маань хариуцлагатай байдал энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй байхад юу юунаас илүү ач холбогдолтой байна. Тухайлбал: халаасны хулгай гэхэд иргэд маань өөрийн түрүйвч, гар утсаа энгэрийн дотор талын халаасандаа хийх, гар цүнхээ энгэртээ авч явж л хэвших юм бол халаасны хулгайлах гэмт хэрэг бүр нэг ч үйлдэгдэхгүй байх боломжтой шүү дээ.

 

Мөн орон байрны хулгай нь ихэвчлэн гаднаа ил цоожтой айл өрхүүд, нохойгүй, хажуу хөрштэйгээ харилцаа байдгүйгээс үйлдэгддэг. Тийм болохоор иргэд өөрийн эд хөрөнгөө байнгын хараа хяналтанд байлгаж, хөршдөө орон гэрээ захиж хэвшмэл хулгайлах гэмт хэргийг гаргуулахгүй байх боломжтой.

 

Ажилгүйдэл гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байна 


 
Аливаа гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан нь нийгэм эдийн засгийн таагүй нөхцөл байдлуудтай шууд холбоотой байдаг. Тухайлбал  ажилгүйдэл. Гэхдээ ажилгүйдэл их байлаа гээд хулгайлах гэмт хэрэг үйлдэх буюу амар хялбар аргаар ашиг олох гэсэн гэмт этгээдийн ухамсарын төлөвшлийг өөрчлөх нь юу юунаас илүү чухал болоод байна. Мөн хохирогч нарын өөрсдийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаас үүдэлтэйгээр гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Дээр хэлсэнчлэн хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг учраас энэхүү нууц далд аргаар үйлдэгдэх нөхцлийг л цагдаагийн байгууллага, иргэд хамтран үгүй болгосноор энэ төрлийн гэмт хэргийг гаргахгүй байж чадна.

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна