Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүй зарим хариуцлагагүй иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газар УОК-ийн шийдвэрээр гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд хорио цээрийн дэглэм сахиулж ажилласан. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл мэндийн байгууллага, улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Гэвч зарим иргэн хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүйгээс болж зөрчил гарч байна. Мөн тусгаарлагдсан иргэдээс ч зөрчил гарч байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан бол онгоцноос буусан иргэн тусгаарлалтад орохгүй хэмээн Налайх руу зугтсан зөрчил гаргаж байна. Мөн "Багабаян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б "Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья" хэмээн бусдыгаа буруу зүйлд уриалан дуудсан бол тусгаарлагдсан нэг иргэн цүнхэндээ согтууруулах ундааны зүйл саванд нуун оруулж бусад иргэдэд дамжуулан нууцаар ууж хэрэглэсэн зөрчил гарсан.
Үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Зөрчил гаргасан иргэдэд дэглэмийн хугацаа дуусч, хариу нь сөрөг гарсны дараа хатуу хариуцлага тооцох болно. Италиар дамжсан иргэн бага насны хүүхдээ дагуулан явсан байсан. Италиар дамжсан гэдгээ нуун дарагдуулж байгаа нь төрийн алба хаагчдын ажлыг хүндрүүлж байна” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!