Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонд мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан байна.

 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.”, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно.” гэж заасан байдаг.

 

Шүүхэд ирсэн хэрэгт Д.Адилбаяр, Б.Цолмон болон тэдний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос тэдэнд торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь прокурорын торгох ялын саналыг хүлээн зөвшөөрчээ.


Ийнхүү хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт болон прокуророос торгох ял оногдуулах санал тус тус гаргасны дагуу шүүхээс хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн болно.


Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулсан юм.


Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял, Шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноолоо. Мөн Д.Адилбаяраас 35.000.000 төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.