Монгол Улсад ирсэн Франц иргэнээс ковид-19 вирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор худал ташаа мэдээлэл түгсээр байна. Тодруулбал халдвар авсан иргэн гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод байхдаа KFC сүлжээ ресторанаас хоол захиалж, хүргэлтээр авсан байдаг.  Гэтэл нийгмийн сүлжээнд түүнд хоол хүргэж өгсөн ажилтан өндөр халуурч эхэлсэн гэх мэдээлэл гарсан.

 

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар “Худал мэдээлэл байна. Одоогоор тухайн хүнтэй ойр хавьд байсан иргэдээс нэг нь ч халуурч, бие нь өвдөөгүй байгаа” хэмээн мэдээлсэн. Түүнчлэн нийгмийн сүлжээнд Еmart худалдааны төвийн нягтлан бодогч нь халуурч, улмаар эмнэлгийн тусламж авсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус худалдааны төв энэ талаар мэдэгдэл гаргажээ. Тэд “Корона вирустэй холбоотой ард иргэдийн амгалан, тайван байдлыг алдагдуулах эх сурвалжгүй, худал мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тарж байна.


Үйлчлүүлэгч та бүхэн эх сурвалжгүй, албан бус худал мэдээллээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, бусдад дамжуулахгүй байхыг хүсье.


Онцгой нөхцөл байдлын энэ үед ард иргэдээ “ Хүнсээр хангах” чиг үүргийн дагуу Имарт хайпермаркетын салбар дэлгүүрүүд болон Имартын онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Амны хаалтаа зүүж болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж буй үйлчлүүлэгч танд баярлалаа” гэсэн байна.