“Сант марал” судалгааны төв 2019 оны ээлжит судалгааны дүнгээ олон нийтэд дэлгэлээ. Тус төвийн монгол хэл дээрх сайт хандах боломжгүй байгаа тул энэ удаа англи хэл дээр судалгаагаа танилцууллаа. Тус төвийн судалгааг улс төр судлаачид үнэлдэг.  Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлууд болоод тэр дундаа топ улстөрчийн жагсаалт нь нэлээд ханатай гардаг гэцгээдэг.  


Энэ удаад топ 10 улстөрчийн жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга удаалжээ. Харин гуравдугаарт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цойлон гарч ирсэн байна.


Дээрх улс төрчид Архангай, Булган, Дорноговь, Сэлэнгэ аймгуудад мөн л тэргүүлсэн бол Дорнод аймагт Л.Оюун-Эрдэнэ Н.Энхбаяртай рейтингээрээ тэнцэж, Завхан аймагт У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нарыг “шилдгээр” шалгаруулжээ. Өөрөөр хэлбэл Завхан аймгийнхан Ерөнхийлөгч Х.Баттулгад “хасах” оноо тавьсан байна.


Топ 10 улстөрчийн жагсаалтад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нараас гадна Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, С.Жавхлан, Р.Амаржаргал, С.Ганбаатар, Т.Аюурсайхан нарын улс төрчид энэ жил багтжээ.