ГУРВАН ГОРИЛОГЧТОЙ АН ХЭНТИЙД ӨРСӨЛДӨХӨД БЭЛЭН ҮҮ

Админ
2019/05/14

Хаврын улс төрийг хавсрагатай нь хамт сэвж байгаа Хэнтий сонгуулийн цуурай чих хангинуулсаар. Аль нам, ямар нэр дэвшигчийг сойхоос эхлээд бие даагчид хүртэл анхаарал татаж байгаа нь Хэнтий аймгийн нөхөн сонгууль улс төрийн намуудын хувьд УИХ-ын сонгуулийн өмнөх чухал сунгаа болохыг батлах шиг. Магадгүй нөхөн сонгуулийн дараа улс төрийн салбарт шигшилт гарч мэднэ. Энэ утгаараа цусгүй тулаан тэнд өрнөнө. Харин намуудын өмнөөс гардан тулаанд орох “тамирчид” хэн байх вэ. МАН-ын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болоод байна. Харин АН-аас хэн нь нэр дэвших вэ гэдэг нам доторх зодооноос ихээхэн хамаарах нь. АН-ын удирдлагуудын хувьд хэнийг нэр дэвшүүлэхээ аль хэдийнэ тохирч, “А” ажиллагаагаа ч эртнээс эхэлжээ. Бараг Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан өдөр л шийдсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь Ардчилсан намаас Хэнтий аймгийн сонгуульд  Ж.Оюунбаатар өрсөлдөнө гэх яриа гарсаар даруй жил болж байна. Зарим нэг бэлтгэлээ ч базаагаад эхэлчихсэн гэх.

 

Гэвч АН-ын дотоод хагарал туйлдаа хүрч, сонгууль хүртэл тэсэх үү үгүй юу дээрээ тулчихсан энэ үед  Ж.Оюунбаатар нэр дэвшиж чадах уу. Тэр “ялагч” болж дэвшигчийн үнэмлэхээ гардаж дөнгөх үү. С.Эрдэнийн дарангуйллын систем Ардчилсан нэртэй анархист нам болгон хувиргасныг эсэргүүцэгчид бослогоо түр азнавал энэ нам сонгуульд өрсөлдөнө, Ж.Оюунбаатар даагаа нэхнэ.

 

Гэхдээ Ж.Оюунбаатар бол С.Эрдэнийн хүн. Түүнийг өрсөлдүүлэхгүй байх сонирхол Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын цээжинд бий. Н.Алтанхуягийн хувьд М.Хүдэрбаатар гэх хөрөнгөлөг зөвлөхөө уралдуулахаар сойж буй.  Хэдийгээр тэр өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээсэн ч дахин дэвших боломжийг алдахгүйн мэдээж. Тэгэхээр АН нөхөн сонгуулийн өмнө давхар “тулаанд” орж байж сонгуультай золгох нь.

 

Гэвч давааны цаана даваа гэгчээр АН-ынхны даваа ч мөддөө дуусахгүй нь бололтой. С.Эрдэнийн монополчлолын гайгаар АН-д гомдогсодын бүхэл бүтэн арми бий болчихсон. Бараг өдөр болгон С.Эрдэнийн “эрээнийг” дуудсан гишүүд энэ армийг хүчирхэгжүүлж буй. Тэдний нэг төлөөлөл нь Б.Гарамгайбаатар. Хэдийгээр тэр намаасаа гарах эсэх талаар үг дуугараагүй ч нөхөн сонгуульд бие дааж өрсөлдөх шуум тарааж байгаа нь С.Эрдэнэд өгч буй сануулга гэлтэй. Ж.Оюунбаатараас би илүү шүү гэдгээ үгээр биш үйлдэлээрээ хэлчихсэн тэрбээр хэрэв бие дааж нэр дэвшвэл АН-д хүнд гарз тохионо. Наад захын санал хуваахаас эхлээд  Ж.Оюунбаатарын рейтингт ч муугаар нөлөөлнө.

 

Ядаж байхад  Ж.Оюунбаатарт Хэнтийчүүд ам сайтай байдаггүй юм билээ. Хувь хүн талаасаа  гэр бүлийн хувьд тогтворгүй, өөрийн гэсэн байр суурьгүйгээсээ болоод “Цагаан шонхор”-ын Энхтайван гэх цагтаа гэмт хэрэгтэн байсан, олны танил рекетчиний нөлөөн дор байдаг гээд л түүний талаар сайн үг унагах нь ховор. Ямар сайндаа л Хэнтийчүүд Засаг даргаасаа илүү улс төрийн салбарын Д.Гантулгыг илүүд үзэхэв дээ.

 

Б.Гарамгайбаатарын хувьд хэдийгээр өмнөх сонгуульд ялагдсан ч парламентын тогоонд чанагдсан, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга гээд томоохон албан тушаал хашиж байсан туршлагатай улс төрч. Түүнийг зүүн аймгийн замыг тавихдаа хөрөнгө мөнгөнөөс идэж уусан хэмээн буруутгадаг ч Дамба-Очирын тавьсан замтай  харьцуулахад түүний тавьсан замын чанар муугүй хэмээн иргэд ярьдаг юм билээ.

 

Ямартай ч Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн өмнөх Ардчилсан намын төрх ийм байна. Гэхдээ тус намаас хэн ч нэр дэвшсэн МАН-аас өрсөлдөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй энэ тэнцүү өрсөлдөнө гэдэг юу л бол. Хүч тэнцвэргүй “тулаанд”  хэн нь ялах нь угаас тодорхой байдаг хойно…

 

Б.Ариун


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна