Н.ТЭМҮҮЛЭН: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татаад байна

Админ
2023/02/28

#ШУУД: АТГ-ААС НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА…

АТГ-аас өнөөдөр /2023.02.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын 6 гишүүний нэрcийг зарлалаа. 

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.ТЭМҮҮЛЭН:

- Юуны өмнө мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байгааг тэрбээр тодотгоё.  Нүүрсний хэргийг гурван байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Нийт 78 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Үүнд, нийтийн албан тушаалтан 42 байна. Тухайлбал, улс төрд нөлөө бүхий этгээд болох 

- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлига өгөх гэмт хэрэгт,

- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 

- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, 

- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 

- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна. 

Үүнээс гадна

  • Зам тээврийн сайд асан 1,
  • Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
  • Аймаг сумын Засаг дарга 2
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2
  • ЭТТ ХК-ийн ажилтан 6
  • Тавантолгой төмөр зам ХК-ийн 3
  • Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 22 иргэн яллагдагчаар татагдаад байна.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 хүн хоригдож байна. Мөн улсын хилээр хязгаарласан 35, албан үүрэг түдгэлзүүлсэн 4, хувийн батлан даалт 26, мөрдөн шалгах явцад 14,8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна