ХӨСҮТ: PCR шинжилгээгээр эерэг илрэх тохиолдол огцом өссөн, одоогоор 101 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Б.Ариунзаяа
2023/05/12

"Ковид-19"-ийн нөхцөл байдал, салхин цэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.БАЙГАЛМАА:

- ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6.9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байна.  Сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

- ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргасан. Ингэхдээ "Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай" гэж зөвлөсөн.

- Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн.

-  Омикроны ХВВ1.5 нь бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байна. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.НАРАНЗУЛ:

- Вирус судлалын лабораторит судалсан судалгааны дүнг танилцуулъя. Энэ омог 2021 оны зургадугаар сард Энэтхэг улсад бүртгэгдсэн. Монголын хувьд 2023 оны гуравдугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдэж, энэ вирусийн илрэлтийн хувь нэмэгдэх хандлагатай байна. Омикроны удам зүйн ангиллууд байдаг. 

Ж.АРИУНБИЛЭГ:

- Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-т ковид 19 тохиолдлоор 101 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 19, төрсөн эх 2, хүүхэд 27 байгаагаас гурван хүн нэн хүнд байна. Эмнэлзүйн онцлог нь хамар битүүрэх, ядрах, үе мөч өвдөх шинж тэмдэг 70-80 хувьд илэрч байна. Үүн дээр ханиалгах, толгой өвдөх, нусгайрах зэрэг нийт халдварт өвчний нийтлэг шинж тэмдэг илэрч байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна