Уламжлалт Хүүхдийн Харваа 24 дэх жилдээ болно

Б.Ариунзаяа
2023/06/01

Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит үндэсний сурын хүүхдийн харваа 6 сарын 1-нд 24 дэх жилдээ үндэсний сурын талбайд уламжлал ёсоор болох гэж байна. 

Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 140 гаруй мэргэн харваач хүүхдүүд маань 4 насны төрлөөр өрсөлдөхөөр тэмцээнд бүртгүүлээд байна. 

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй эхний таван байрыг 4 насны ангиллаар тус тус шалгаруулахын хамтаар хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг олон сонирхолтой тэмцээн явуулдаг нь энэхүү уламжлалт хүүхдийн харвааг үзүүштэй болгодог юм.

Д.Жамба (1914-2002) бага наснаас өөрийн эцэг Дотнын Даржааг даган үндэсний сурын харваагаар хичээллэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 70 гаруй жил үндэсний сурын спортоор тасралтгүй, тууштай хичээллэж, улсын наадам, мөн үндэсний сурын улс болон бүсийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж байсан. Д. Жамба нь Монголын Үндэсний Харваачдын Холбооны (МҮХХ)-ны Анхны Хүндэт Мэргэн харваач юм. 


Хүндэт мэргэн харваач Д.Жамба нь үндэсний сурын харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд ялангуяа хүүхэд багачуудыг сургах, эртний уламжлалт нум сум урлах арга ухааныг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлст олон жил зүтгэжээ. 

Харваачийн үндэсний сураа дээдлэх, харваачдын залгамж халааг тасралтгүй хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг хүндэтгэн, түүний энэ эрхэм үйлсийг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор харваачийг амьд сэрүүн байх үеэс нь буюу 1998 оноос эхлэн түүний нэрэмжит Хүүхдийн сурын харвааг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон.  

Хүүхдийн энэхүү харвааг Хүүхдийн баярын өдөр болох 6 сарын 1-нд жил бүр зохион байгуулахыг харваачийн том хүү, Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог анх санаачилсан бол эдүгээ МҮХХ, харваачийн үр хүүхдүүд, ач зээ нар хамтран уламжлал болгон зохион байгуулсаар 24 дэх жилдээ золгож байна. (Цар тахлын жилүүд болох 2020-2021 онуудад энэхүү тэмцээн болоогүй.)

Өнгөрсөн 24 жилийн хугацаанд, энэхүү уламжлалт тэмцээн нь Үндэсний сурын харвааг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүдэх, харваач хүүхдүүдийг дэмжин, хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдүүгээ хот хөдөөгийн харваач хүүхдүүдийн оролцох хамгийн дуртай тэмцээн болсон байна. 

Хүндэт мэргэн харваачийн маань хүүхэд багачууд, залуу харваачдад эрхэмлэн захиж хэлдэг байсан “Нумандаа ч мэргэн, номондоо ч мэргэн байгаарай, хүүхдүүд минь” гэдэг үг Хүүхдийн сурын тэмцээний гол уриа юм.

Тэмцээний талаар холбогдох утас:

Лувсанцэрэнгийн Хонгорзул 88034930 

Жамбын Сүнжидмаа 99100430

Дашдондогийн Боролзой 99018026 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна