LIVE: АМГТГ-ын бичилтийн алдаанаас болж Чех Улсын хөрөнгө оруулагчид 300 гаруй тэрбум төгрөгөөр хохироод байна

Б.Ариунзаяа
2023/06/30

#ШУУД: Ураны салбарт хөрөнгө оруулсан Бүгд Найрамдах Чех Улсын хөрөнгө оруулагчид хохирч, үйл ажиллагаа нь тасалдахад хүрчээ


- Дэлхий дахинд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгийг энхийн буюу эрчим хүчний зорилгоор ашиглах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологи нэвтрүүлэх замаар цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд тогтвортой хөгжил, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны нөөцийг гүнзгийрүүлэн судлах, ураны олборлолт, боловсруулалтыг хөгжүүлэх талаар төрөөс тодорхой бодлого гарган хэрэгжүүлж байгаа нь туйлын ач холбогдолтой, цаг үеэ олсон чухал шийдвэр болсон.

- Бүгд Найрамдах Чех Улсын хөрөнгө оруулагч бидний хувьд, Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК-иас тавьсан санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэж, хамтран ажиллах саналыг хүлээн авч, улмаар Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн комиссын холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр Дундговь, Сүхбаатар аймгийн нутагт ураны хайгуул, судалгааны төсөл хэрэгжүүлэгч “Гурвансайхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болсон.     

- Ийнхүү Монгол Улсад хөрөнгө оруулах шийдвэр гаргахдаа тухайн үеийн Цөмийн энергийн комисс, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээрх төрийн бүхий л байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хуульд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг авсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гурвансайхан” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын буюу төрийн өмчийн оролцоотой компани тул бидний хөрөнгө оруулалтыг эрсдэлгүй, илүү баталгаатай гэж тэдгээр байгууллагууд бидэнд мэдэгдэж байсан.

- Тийм ч учраас бидний хувьд Монгол Улсын Засгийн газрын оролцоотой компанитай хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг гэж үзэж энэхүү төсөлд оролцохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 310.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг оруулсан.

- Түүнчлэн Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа ураны хайгуул, олборлолтын салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор энэ салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох БНКазакстан улсын “Казатомпром” компанитай хамтран энэ төсөлд оролцож, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, улмаар үйлдвэрлэл, олборлолтын шатанд хүрч ирээд байсан.

- Гэтэл нийтийн эрх ашгийг хамгаалах эрхтэй иргэний нийгмийн байгууллага мөн эсэх нь эргэлзээтэй “Их бага баян шарга” нэртэй байгууллагаас манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 5 жилийн дараа шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын шүүх, Монгол Улсын Засгийн газрын оролцоотой компанид итгэсэн бидний итгэлийг үгүй хийж, төрийн байгууллагын лиценз бичилтийн техникийн шинжтэй алдааны улмаас лицензийг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргаж, БНЧех Улсын хөрөнгө оруулагч бидний Монгол Улсад оруулсан 310 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, үгүй хийгээд байна.   

- Монгол Улсын шүүх нь төрийн байгууллагын техник, зохион байгуулалтын шинжтэй алдаанд хэт том ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын оролцоотой компанид итгэсэн хууль ёсны итгэлийг үгүй хийх шийдвэр гаргаад байна.

- Түүнчлэн эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, эрдэс баялгийн салбарт бусад орны тэргүүний туршлага, технологийг нэвтрүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлого, зорилтыг огтхон ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй, хөрөнгө оруулагчдад төдийгүй улс орондоо дэндүү халтай шийдвэрийг шүүхээс гаргалаа.

- Хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, хууль ёсны тусгай зөвшөөрөл гэж итгүүлж бидэнд төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг шүүх хүчингүй болгохдоо, хариуцагч төрийн байгууллагын төлөөллийг төдийгүй олон сая долларын хөрөнгөө оруулсан, тусгай зөвшөөрлөө хууль ёсоор эзэмшиж байгаа манай компанийн төлөөллийг ч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэлэлцэж, тэр ч бүү хэл чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй, зарим баримтыг цагаан дээр хараар бичсэнээс нь бүр эсрэгээр үнэлж, дүгнэсэн явдлыг бид үнэхээр яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байна.

- Үүний үр дүнд Монгол Улсын цаашдын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой ураны салбарт хамтран ажиллах итгэл найдвар тээж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг ямар ч үнэ цэнэгүй болгох, цаашилбал Монгол Улс энэ салбарт бусад улс орнуудтай үр дүнтэй, найдвартай хамтран ажиллаж чадах эсэхийг тодорхойлоход шууд сөрөг нөлөө үзүүлэх бодит нөхцөл бүрдээд байна.

- Энэ нь Монгол Улс хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр дагнасан шүүх байхгүй, хөрөнгө оруулагчдын хууль ёсны итгэл, хөрөнгө оруулалтыг хамгаалж чадах тогтолцоо бүрэн бүрдээгүйтэй ч холбоотой байж болох юм.

- Хэрэв өнөөдрийн энэ нөхцөл байдлыг Монгол Улсын төрийн байгууллагууд залруулах, хууль ёсны гэж бидэнд итгүүлж олгосон зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлыг дахин хангуулах талаар шаардлагатай арга хэмжээ авахгүйд хүрвэл бид өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд олон улсын арбитрын шүүхэд хандаж, өнгөрсөн бүхий л хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, ирээдүйд олохоор төлөвлөсөн алдагдсан боломж, хохирлоо нэхэмжлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрэхээр байна.

- Хэдийгээр энэ бүх хугацааны хөрөнгө оруулалт маань биднээс үл хамаарах шалтгаанаар үнэгүйдсэн хэдий ч Монгол Улс хууль ёсыг дээдэлдэг, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг гэдэгт итгэсээр байгаа бидний итгэл одоо ч алдраагүй бөгөөд төрийн байгууллагууд шаардлагатай бүхий л арга хэмжээгээ хэрэгжүүлж, энэ бүхнийг залруулах үүргээ биелүүлнэ гэдэгт найдсаар л байна.

- Харин энэ эрсдлийг даван туулах хүрээнд Монгол Улсын төрийн байгууллагууд өмнөх алдаагаа дахин давтахгүй байх, хөрөнгө оруулагч биднийг хөрөнгөө салхинд хийсгэхээс сэргийлэхтэй холбоотой тодорхой алхам хийх хүрээнд хууль ёсны дэмжлэг үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх  хүрээнд Төрөөс онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.77
    2023/07/01

    Улс биш ямар нь..их бага баян нь төрийг давсан том толгойт юм уу...бүрэн леценз нь цуцлагдаа юм уу...Хүний 310.0 ийг ядаж буцааж өгвөл таарна...Нүдний блай бллоо...Улсын нэр нүүр бараад бх биш үү

    Хариулах