Эстонийн Ерөнхий сайдтай холбоотой дуулиан үргэлжилсээр байна

Б.Ариунзаяа
2023/08/28

ВАШИНГТОН. /VOA/. Эстони улсын Ерөнхий сайд Кая Калласын нөхөр Арво Халлик мэдэгдэхдээ, Орос улс руу ачаа тээвэрлэдэг Stark Logistics компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс гарч, бүх хувьцаагаа худалдаж байгаагаа зарлалаа.

Эстонийн сэтгүүлчдэд тэрбээр ярилцлага өгөхдөө “миний компанийн Оростой тогтоосон ажил хэргийн холбоо нь миний гэргийн нэр хүндэд маш их сөргөөр нөлөөлж буйг ойлгон мэдэрч байна” гэжээ.

Арво Халлик нь Stark Logistics компанид цөөнх хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани Орос-Украины дайн дэгдсэний дараа Орос улс руу тээвэрлэлт хийсээр байжээ. Компанийн гүйцэтгэх захирал Кристьян Крааг-ийн ярьснаар бол, 2022 оны 2 дугаар сараас хойш тус компани Орос руу хийсэн тээвэрлэлтийн хөлсөнд 1,5 сая евро авсан байна.  

Эл асуудлаар Эстонийн ERR цахим хуудасны сэтгүүлчдийн явуулсан эрэн сурвалжлах ажиллагаа тус улсад томоохон дуулиан дэгдээсэн бөгөөд Ерөнхийлөгч Алар Карис мэдэгдэхдээ “К.Каллас нөхрийнхөө компанитай холбоотой асуултуудад тодорхой хариулт өгөх ёстой” гэжээ. Калласыг огцруулах асуудлыг Эстонийн парламент дахь намуудын фракциуд хэлэлцэж эхэлсэн байна.

“Кая Каллас бол Украиныг тууштай өмгөөлөн хамгаалагчдын нэг, Оросын эсрэг хоригийг мөрдөх нь чухал гэдгийг байнга онцлон дурдаж байдаг хүмүүсийн нэг юм. Гэтэл нөхрийнх нь компани Оростой хамтран ажилладаг эсэх тухай асуултад маш бүрхэг хариулт өгсөн” гэж Төвч намын фракцийн дарга Танель Кийк ярилаа.

2022 оны 12 дугаар сард Каллас мэдэгдэхдээ, хоригт ороогүй байсан ч гэсэн никелийг Орост нийлүүлэхэд Эстонийн төрийн мэдлийн компаниуд оролцох нь буруу гэдгийг хэлж байв.   

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна