Польшид “легионерүүдийн өвчний” халдвараар 14 хүн нас баржээ

Б.Ариунзаяа
2023/08/30

ВАРШАВ./ВВС/. Польшийн Жешуве хотод “легионерүүдийн өвчин” гэдэг нэртэй халдварт өвчин дэгдсэний улмаас 14 хүн нас барж, 150 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.

Польшийн зүүн өмнөд нутагт, Украинтай залгаа хилээс холгүй оршдог тус хотын удирдлага ус дамжуулах хоолойд легионеллезийн өдөөгч нэвтэрсэн эсэхийг шалгаж байна.  Тээврийн чухал зангилаа болох тус хотоор Украинд нийлүүлж буй зэвсэг техник дамжин өнгөрдөг тул ямар нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа гарах вий хэмээн хотын эрх баригчид болгоомжилж байгаа юм.   

Халдвар тархсан шалтгааныг тогтооход Польшийн тусгай албад оролцож байгаа бөгөөд одоогоор усны 105 дээж авснаас 18-ыг шинжилж үзэхэд тал хувьд нь легионеллезийн бактериуд илэрчээ. “Гэхдээ ус дамжуулах хоолойгоор дамжин халдвар тархсан гэж батлах боломжгүй байна” гэж бүс нутгийн ариун цэвэр-эрүүл ахуйн хяналтын албаны ажилтан Адам Сидор хэллээ.

Польшийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн ярьснаар, 113 хүнд өвчнийг үүсгэгч бактери илэрчээ. Нас барсан иргэдийн 7 нь 64-95 насны хүмүүс байсан бөгөөд тэд хавсарсан бусад өвчнөөр өвчилсөн байжээ.   

"Легионерүүдийн өвчин" нь хүнээс хүнд дамждаггүй ба уушгийг үрэвсүүлж, халуурахад хүргэдэг байна. Далд үе нь 2-10 хоног үргэлжлэх ба эхэндээ ханиадны шинж тэмдгүүд илэрнэ. Улмаар тухайн хүн ядарч сульдан, 39,5 хэмээс халуурч, толгой ба булчин өвдөж, хуурай ханиалгадаг. Өвчин хүндэрсэн тохиолдолд цээж, гэдэс өвдөх, гүйлгэх, бөөлжих, хий юм үзэгдэх шинж тэмдгүүд илэрнэ. Өвчнийг тараагч нь усан дотор амьдардаг legionella гэдэг бактери бөгөөд агаарын хэм нэмэгдэх үед идэвхждэг байна.

Өвчний нэрний тухайд, 1976 онд АНУ-ын Филадельфи муж улсын нэгэн зочид буудалд “Америкийн Легион” гэдэг ахмад дайчдын холбооны хурал болж байх үед ийм төрлийн халдвар дэгдэж, 220 гаруй хүн өвчилснөөс 34 нь нас барснаас улбаатай.  

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна