Террорист халдлагын улмаас Бельги-Шведийн тоглолтыг зогсоожээ

Админ
2023/10/17

БРЮССЕЛЬ, 2023 оны аравдугаар сарын 17 /RT/. Шведийн хөгжөөн дэмжигчид рүү үл таних этгээд халдсаны улмаас хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан хэрэг гарсны дараа 2024 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Бельги, Шведийн шигшээ багуудын тоглолтыг зогсоосон байна.

Европын хөл бөмбөгийн холбооны (УЕФА) хэвлэлийн албанаас  мэдээлснээр, хоёр баг болон цагдаа нартай зөвлөлдсөний дараа тоглолтыг зогсоох шийдвэр гаргажээ. 

Брюссельд болж байсан тоглолтын эхний үе завсарласны дараа тооны харьцаа 1:1 байх үед тоглолтыг зогсоожээ. Бельгийн телевизийн “ln24” сувгаар мэдээлснээр, Шведийн хөлбөмбөгчид болсон явдлын талаар мэдсэнийхээ дараа хоёрдугаар хагаст талбайд гарахгүй байхаар шийдсэн байна. Бельгийн эрх баригчид терроризмын аюулын түвшнийг дээд зэрэгт хүргэжээ.

Бельгийн Ерөнхий сайд Александр де Кро уг халдлагын дараа хотын оршин суугчдад сонор сэрэмжтэй байхыг уриалж,  шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.

Европын Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Хэвлэлүүдэд мэдээлснээр, улбар шар өнгийн хантааз өмссөн үл таних этгээд даваа гаргийн 19.00 цагийн үед Брюссель хотын төвд "Аллах Акбар" хэмээн хашгираад Шведийн шигшээ багийн өмсгөлийг өмссөн хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгүүдээс харахад, уг этгээд Калашников автомат буугаар бууджээ. Халдлага үйлдэгч зугтсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байна. 

Халдлагад өртсөн хүмүүс нь Брюссельд Шведийн хөл бөмбөгийн шигшээ багийг дэмжихээр ирсэн Шведийн иргэд байсан бололтой. Хэрэг болсны дараа халдлага үйлдэгч этгээд өөрийгөө “Лалын улс” бүлэглэлд харьяалагддаг, "үл итгэгчдийг" устгаж, шашныхаа төлөө үхэхэд ч бэлэн гэсэн агуулгатай дүрс бичлэг хийжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/32...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна