“Шэньжөү-17” жолоодлогот хөлгийг пүрэв гарагт хөөргөнө

Б.Ариунзаяа
2023/10/26

ЖЮЧУАНЬ, 2023 оны аравдугаар сарын 25 /Xinhua/. “Шэньжөү-17” жолоодлогот сансрын хөлгийг Хятадын баруун хойд нутгийн Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс Бээжингийн цагаар пүрэв гаргийн өглөөний 11:14 цагт хөөргөхөөр төлөвлөж байна гэж Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ өнөөдөр мэдээлэв.

Энэхүү сансрын хөлгөөр Тан Хунбо, Тан Шэнжие, Жян Шиньлинь гэсэн гурван сансрын нисэгч сансарт нисэх бөгөөд Тан Хунбо командлагчаар ажиллана гэж CMSA-ын дэд дарга Линь Шичян хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

“Шэньжөү-17” бол Хятадын сансрын жолоодлогот хөтөлбөрийн 30 дахь нислэг, сансрын нисгэгчтэй 12 дахь нислэг юм. Багийн гишүүд тойрог замд ойролцоогоор зургаан сарыг өнгөрүүлнэ.

Сансрын хөлгийг “Long March-2F” зөөгч пуужингаар хөөргөх бөгөөд удахгүй түлшээр дүүргэнэ гэж Линь Шичян хэлжээ. Тойрог замд орсны дараа уг хөлөг сансрын станцын "Тяньхэ" үндсэн модулийн урд портод автомат горимд хурдан ойртон залгагдаж, гурван модуль, гурван сансрын хөлгийн хослолыг үүсгэнэ гэж тэрбээр мэдээлсэн байна.

“Шэньжөү-17” хөлгийн багийнхан ирэх оны дөрөвдүгээр сард Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-ны “Дунфэн” буух талбайд эргэн ирэхээр төлөвлөжээ. Тэд үүргээ гүйцэтгэх хугацаандаа “Шэньжөү-18” сансрын хөлөг болон “Тяньжөү-7” ачааны хөлгийг хүлээн авах ажээ. Сансрын станцын хувьд одоо бүх тоног төхөөрөмж хэвийн тогтвортой ажиллаж байна. Мөн “Шэньжөү-17” сансрын хөлөг болон “Long March-2F” зөөгч пуужингийн ажиллагаа хэвийн байна гэж Линь Шичян мэдээллээ.

“Шэньжөү-17” хөлгийн багийн гишүүдийн биеийн байдал мөн сайн байгаагаас гадна газрын системийн байгууламжууд хэвийн ажиллаж байна. Пуужинг хөөргөх бүх бэлтгэл ажил дууссан гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. “Шэньжөү-16” хөлгийн багийнхан тойрог зам дахь ажлаа “Шэньжөү-17”-гийн багийнханд хүлээлгэн өгсний дараа аравдугаар сарын 31-нд буцаж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэдний хөлөг “Дунфэн” буух талбайд газардах ажээ.

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна