Нарны эрчим хүчийг сансраас дэлхий рүү дамжуулах туршилт амжилттай болжээ

Админ
2024/01/23

ПАСАДИН, 2024 оны нэгдүгээр сарын 22 /Independent/. Нарны энергийг сансарт цуглуулж, дэлхий рүү дамжуулах туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Цаашид хийх ажил их байгаа боловч энэхүү шинэ технологийн  ирээдүйг эрдэмтэд гайхалтайгаар төсөөлж байна гэж Independent сонинд бичжээ.

Нарны эрчим хүчийг цуглуулж, дэлхий рүү утасгүй сүлжээгээр дамжуулах техникийн боломжуудыг арилжааны түвшинд харуулах зорилготой “Space Solar Power Demonstrator” (SSPD-1) төслийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-нд хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын Калифорнийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд  гурван үндсэн туршилтыг хийж гүйцэтгэсэн байна. Тэд нарны хавтангийн шинэ бүтэц, янз бүрийн элементүүдийн загвар бүтээц, богино долгионы дамжуулагчийг туршжээ.

Хэрэв энэ технологийг арилжааны хувьд ашигтай түвшинд хүртэл хөгжүүлж чадвал дэлхий дээр нүүрсээр ажилладаг болон атомын цахилгаан станцууд шаардлагагүй болно.

"Нарны эрчим хүчийг сансраас цацаж, дэлхийн бөмбөрцгийг гэрэлтүүлэх нь ирээдүйтэй төсөөлөл хэвээр байна" гэж Калифорнийн технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, физикийн ухааны профессор Томас Розенбаум ярилаа.

Богино долгионоор дэлхий рүү асар их хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг дамжуулдаг сансрын нарны зайг зохион бүтээх санааг анх 50 гаруй жилийн өмнө дэвшүүлж байжээ. Дэлхийн агаар мандал дахь үүл нь эдгээр төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад болохгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Европын сансрын агентлаг мөн “Solaris” хөтөлбөрийн хүрээнд сансарт хуримтлуулсан нарны эрчим хүчийг ашиглах боломжийг судлахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд Японы сансар судлалын JAXA агентлаг 2025 он гэхэд сансарт арилжааны “solar farm” байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: https://www.montsame.mn/


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.238
    2024/01/23

    Америк монгол хүн хоёр хүний хувьд оюуны хувьд зарчмын ялгаа байхгүй бид хөгжлийн буруу замаар 100 гаруй жил явсанаас 100 гаруй жилээр хоцрогдсон гэсэн үг дээ

    Хариулах