Ж.ЦОЛМОН: Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо хоёр хувиар өсөхөд авлигын индекс 10 хувиар буурдаг

Админ
2024/03/06

ШИНЭ намын дэд дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.

-Ихэнх улс орон ардчилсан, авторитар гээд ямар ч тогтолцоотой байсан улс төрд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог маш их чухалчилдаг болжээ. Энэ нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй гэж үздэг болсны илрэл. Тэгэхээр улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын ач холбогдлын талаар яриагаа эхлүүлье?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалиасаа өөр өөрийн өгөгдөлтэй төрдөг. Тиймээс олон улсын түвшинд ч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах болжээ. Энэ нь хэд хэдэн талын учир шалтгаантай, бас судалгаатай. Хүйсийн тэгш байдлыг дэмжигч улс төрийн намууд нь сонгогчидтойгоо илүү нягт холбоо тогтоож, хурдан хугацаанд танигдах, хүлээн зөвшөөрөгддөг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Нөгөө талаар, улс төрийн намд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь намын дотоод ардчиллыг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл болдог. Хүйсийн тэгш харьцаа нь тухайн байгууллага доторхи нээлттэй болон шударга засаглалын тогтолцоог бий болгох үндсэн түлхүүр нь юм. Нийгэмд үзүүлэх эерэг нөлөөнүүд ч бий. Тухайлбал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хоёр хувиар өсөхөд авилгалийн индекс 10 хувь буурдаг тухай олон улсын судалгаа бас байдаг. Хүйсийн харьцааны хувьд ч эмэгтэйчүүд хүн амын тал хувийг эзэлдэг шүү дээ. Гэвч үзэл санааг нь шийдвэр гаргалтад оролцуулах боломжийг тэгш хангахгүй бол ард түмний дунд ардчилсан зарчмаар сонгогдсон төрийн институтийн хүлээн зөвшөөрөгдөх чанар  буурна гэсэн үг.

 

-Манай улсын хувьд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар олон жил ярьсан. Та улс төрд ялангуяа намын удирдлага, парламентын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байна гэж хардаг вэ?

-Улс төрийн мөн чанар нь хувь хүмүүс сайн дурын үндсэн дээр итгэл үнэмшил, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдагт оршдог. Үүнийг улс төрийн нам гэдэг. Нам нь төлөөллийн ардчиллын зарчмаар төрийн байгуулалтыг бий болгодог. Тиймээс төлөөллийн ардчилал нь эрх мэдэл, засаглалын шийдвэр гаргалтад иргэд дуу хоолойгоо хүргэх гол хэрэгсэл юм. Төлөөллийн ардчиллын амин чанар нь хүйс ялгахгүйгээр ард иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ, үзэл бодлыг илэрхийлэхдээ байдаг. Өнгөрөгч 2023 оны байдлаар НҮБ-ын гишүүн 193 орноос 31 нь эмэгтэй төрийн тэргүүнтэй байна. Гэхдээ хүйсийн харьцааг 50/50 гэж үзвэл энэ нь хангалтгүй үзүүлэлт. Мөн НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн эзлэх жин 22.8 хувь байгаа нь ч хангалтгүй.

Манай улсын хувьд статистик үзвэл 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар заасан төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын 76 гишүүнээс эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь 1992 онд 3.9 хувь буюу гурван эмэгтэй, 1996 онд 10.5 хувь буюу долоон эмэгтэй, 2000 онд 11.8 хувь буюу есөн эмэгтэй, 2004 онд 6.6 хувь буюу таван эмэгтэй болж буурсан. Мөн 2008 онд 3,9 хувь буюу гурван эмэгтэй, 2012 онд 14.5 хувь буюу 11 эмэгтэй, 2016 онд 17.1 хувь буюу 13 эмэгтэй, 2020 онд 17.1 хувь буюу 13 эмэгтэй тус тус ажиллаж ирсэн түүхтэй. Найман удаагийн сонгуульд давхардсан тоогоор нийт 608 гишүүн сонгогдсоноос 65 эмэгтэй /10.7 хувь/ байгаа нь улс төрд шийдвэр гаргалтын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо болон төлөөллийн ардчилал манай улсад хангалтгүй байгааг харуулж байна.

-Олон улсын түвшинтэй харьцуулахад манайх тун бага байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь шийдвэрт сөргөөр нөлөөлдөг тал бий байх. Гэхдээ сүүлийн үед харьцангуй эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр анхаарч байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байна уу. Та энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Сонгуулийн тухай хуульд 2011 онд өөрчлөлт орж нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Харин энэ квотыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Улмаар Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүд улс төрийн намаас нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын 50 хувь, тойрогт өрсөлдөх мандатын 30 хувиас доошгүй байхаар зааж, дараагийн сонгууль буюу 2028 онд 40 хувьд хүргэхээр тусгасан.  Олон улсын туршлагаас үзэхэд хүйсийн тэгш байдлыг улс төрд хангахад улс төрийн сонгуулийн оновчтой хэлбэрийг сонгох нь чухал. International Idea-ийн судалгаанаас харахад сонгуулийн пропорциональ тогтолцоотой улсуудад парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл мажоритар тогтолцоотой улсуудынхаас хоёр дахин илүү байна. Тухайлбал, 2005 онд судлаач П.Моррис эмэгтэйчүүд парламентад сонгогдсон байдлыг сонгуулийн  мажоритар тогтолцоотой 72 улсад 10.5 хувь нь эмэгтэйчүүд, холимог тогтолцоотой 36 улсад 13.6 хувь нь эмэгтэйчүүд, пропорциональ тогтолцоотой 67 улсад 19.6 хувь эмэгтэйчүүд байгааг тогтоосон байдаг.


-Манай улс энэ жил сонгуулиа холимог тогтолцоогоор явуулна. Эмэгтэйчүүдийн хувьд тийм ч нааштай биш гэдгийг таны ярианаас анзаарлаа?

-Судалгаанаас үзэхэд тэр дундаа олон мандаттай том тойргийн /Block vote/ тогтолцоотой 10 улсад парламентад сонгогдсон эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж 7.4 хувь байна. Манай улсын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 78 хүн олон мандаттай томсгосон мажоритар тойрогт өрсөлдөнө. Тиймээс энэ нь эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд хүндрэлтэй байх магадлал өндөр. Учир нь, манай улсад сонгууль нь том түрийвчтэй нөхдийн “зодоон” болж хувирсан тул эмэгтэйчүүдэд амаргүй нөхцөл байдал үүсгэдэг. Учир нь томоохон бизнест голдуу эрчүүд л хүч үздэг. Эмэгтэйчүүд ихэнхдээ гүйцэтгэх түвшний ажил хийж, жижиг, дунд бизнес эрхэлдэг. Товчхондоо санхүүгийн эрх чөлөөнд хүрч төдийлөн чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тэр бүр эрчүүдтэй өрсөлдөж чаддаггүй. Тиймээс аль ч улс төрийн нам дотооддоо болон нийгэмд гаргаж буй бодлого, шийдвэрүүддээ жендэрийн мэдрэмжтэй хандахыг цаг үе шаардаж байна.

 

-Монголчууд хэдийгээр ардчилсан нийгэмд шилжээд багагүй хугацаа үдэж байгаа ч зарим зүйл дээр уламжлалт сэтгэлгээгээ хаяагүй байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдээ эмэгтэйчүүдээс илүүд үзэх хандлагаас болж эмэгтэйчүүд улс төрд орохоос халшрах, орсон ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа нь анзаарагддаг?

-Уламжлалт соёл дээр тулгуурласан ойлголт, хандлага нь нийгэм, цаг үеэ дагаж, хувьсан өөрчлөгддөг. Гэвч монголчуудын сэтгэлгээнд “Оргүйгээс охинтой нь дээр”, “Эр муу ч эмийн дээр”, “Урт үстэй ч ухаан богинотой” гэх мэтээр эм хүйсийг эр хүйсээс дорд үзэх хандлага нь амь бөхтэй оршсоор байна. Өнөө үед манай эмэгтэйчүүд нийгмийн ихэнх салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Боловсрол мэдлэгийн хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс бүр хол тасархай түрүүлсэн. Харамсалтай нь, өнөөгийн нийгэмд энэ мэтээр хүйсийн дарангуйлалд өртсөөр байна. Монгол Улс хүн ам хүйсийн хувьд харьцангуй тэнцвэртэй, эр эм хүйс 50, 50 орчим хувьтай байдаг. Гэвч нийгэмд эзэлж байгаа байр суурь, тэр дундаа шийдвэр гаргах түвшин, хөдөлмөрийн харилцаан дахь оролцоо нь тэнгэр газар шиг ялгаатай байгаа нь үүнтэй холбоотой.


-Өнгөрсөн жил Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт орж, жендэрийн квотыг шинэчилж тогтоосон. Мөн жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 24 нь эмэгтэй байхаар заасан нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх нь гэж харлаа. Энэ тал дээр таны бодол?

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд хийсэн нэмэлт өөрчлөлт нь эрх мэдлийн байдлыг тэнцвэржүүлэх, эрх зүйн шинэчлэлийг төлөвшүүлэх, парламентын ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Тухайлбал манай улсын хөгжилд тушаа болж байгаа асуудал болон саад бэрхшээлүүдийн уг үндэс нь ардчиллын суурь институц болох улс төрийн намтай салшгүй холбоотой. Тиймээс улс төрийн намуудын санхүүжилтыг нь ил болгох, бодлогын нам болгох зэрэг хэд хэдэн шинэчлэлтүүдийг нэмэлт өөрчлөлтөөр тусгаж чадсан. Хэдийгээр бид гол өөрчлөлтүүдийг тусгаж чадсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим асуудлуудыг орхигдуулсан. Харин өнгөрсөн онд Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор орхигдоод байсан шинэчлэлт хийгдсэн гэж хэлж болно. Үүний нэг нь парламентын гишүүдийн тоог нэмж, 126 байхаар шийдвэрлэсэн. Магадгүй энэ шийдвэр зарим хүмүүст таалагдаагүй. Гэвч энэ бол зөвхөн гишүүдийн тоо нэмэгдэх тухай асуудал биш. Наанадаж, Үндсэн хуульд заасан системтэйгээ уялдаж, парламентын төлөөлөх чадвар чадамж сайжирч, нийгмийн суурь кластр бүлгүүдийн тоо ихэснэ. Өөрөөр хэлбэл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал, Улс төрийн намын тухайн хууль болон Сонгуулийн тухай хуульд жендэрийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлсэн. 2028 онд нэмж хөгжүүлэх замаар 40 хувь болгохоор тусгасан. Ингэснээр улс төрийн намуудын жендэрийн тэгш байдал үе шаттайгаар хангагдахад шинэлэг нөхцөлийг бий болгосон гэж үзэж байгаа. Учир нь нэрсийн жагсаалтаар сонгогдох 48 гишүүдийн 24 нь заавал эмэгтэй байх гэдэг заалт бусад улс орны парламентад байдаггүй юм билээ. Тиймээс шууд 24 эмэгтэй сонгогдох бололцоо гарч байгаа нь Төв Азидаа үлгэр дуурайлал болохоор байгаа.

 

-УИХ 2011 онд Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг баталсан. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл бүх түвшний харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах алдагдуулахгүй гэж хуульчилсан ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гаргаж чадаагүй. Харин энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлт хуулийн зорилтод бага ч болов дөхсөн гэж үзэж болох уу?

-Тэгж ойлгож болно. Хүн төрөлхтний хөгжил дэвшил Жендэрийн тэгш байдлыг хангах нь амин чухал болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас тогтвортой хөгжлийн зорилтын нийт 17 зорилтын дийлэнх нь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэдэг. Тиймээс УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхийн өмнө бид олон улсын тогтвортой байдлын талаар АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулсан. Солонгосын спикер хатагтай Ким Ин жу Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалтыг зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн оролцооны ач холбогдол, аргачлалын талаар илтгэл тавьсан нь жендэрийн квотыг 30-40 хувь болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Азийн улс орнууд Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, арга аргачлалыг судлах зорилгоор манайхтай жендэр судлалыг хөгжүүлэх талаар хамтарч ажиллахаа илэрхийлсэн. МУИС-аас жендэрийн талаар магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Манайд жендэр судлалыг яриад байдаг болохоос биш яг нарийвчлан судалсан сургууль, сургалт байдаггүй. 

-Хүйсийн тэгш эрхийн асуудлаа бид аль хэдийнэ хуульчилсан боловч манай зарим иргэд жендэр гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл мэтээр ойлгосоор байна. Тиймээс хуульд энэ талаар хэрхэн тусгасан байдаг вэ. Тэгш эрхийн асуудлыг хэрхэн хуульчилсан байдаг вэ?

-Юуны түрүүнд жендэр гэдэг ойлголтоос эхэлье. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд үүнийгУлс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлага гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байрыг тодорхойлсон гэсэн үг. Мөн энэ хуулийн 5 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах, нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх гээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх талаар тодорхой тусгасан байдаг. Түүнчлэн хуульд төрөөс баримтлах бодлого, мэдрэмжтэй байх, хариуцлагын зарчмын талаар авах арга хэмжээг тодорхой тусгасан. Тухайлбал, төр хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөлд жендэрийн үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийн бодлогыг жендэрийн агуулгатай болгох, төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэнэ гэх мэт.

 

-Сая Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуульд орсон өөрчлөлт нь Жендэрийн тухай хуультай хэр нийцэж, хэрэгжилтийг нь сайжруулах бол. Ялангуяа, улс төрийн намуудын манлайлал үүнд их чухал байх болов уу. Та бүхэнд ямар хүлээлт байгаа вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Жендэрийн үндэсний хороо маш тодорхой чиг үүрэг хүлээж байгаа. Улс төрийн намууд хоёр жил тутамд хороонд тайлан өгөхөөр хуульчлагдсан. Бид энэ тайланд үндэслэн хяналтаа тавина. Түүнчлэн Жендэрийн хуулийн хэрэгжилтийг УИХ хоёр жил тутам Засгийн газрын тайланг сонсоно гэж хуульд заасан нь маш том дэвшил болсон гэж үзэж байгаа. Уг нь энэ улс төрийн намтай холбоотой заалт 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн наймдугаар зүйлд заасан байдаг ч өнөөг хүртэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, аль 13 жилийн өмнө олон улсын чиг хандлагыг мэдэрч, хуульдаа тусгасан байсан ч холбогдох хуульд оруулж чадаагүй байсан юм. Одоо цаашид хуулиа амилуулахын тулд бусад хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг хийхэд цаг хугацаа яалт ч үгүй шаардагдаж байна. Тиймээс Улс төрийн намуудтай хамтарч ажиллах саналыг та бүхэндээ санал болгож байна. Жендэрийн Үндэсний хороо бол орон тооны бус байгууллага түүний ажлын алба бол төрийн захиргааны байнгын бүтэц байдаг. Төрийн захиргааны байгууллагын хүмүүс улс төрийн намуудтай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хамтарч ажилладаг.  


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.93
    2024/03/09

    Өө хөөрхий

    Хариулах
  • 202.9.40.185
    2024/03/07

    har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven

    Хариулах
    • 59.153.113.203
      2024/03/07

      Chi uuru ats mine nulimsanadaa jiw

  • 59.153.114.182
    2024/03/07

    С.Баярыг бөгс арчсан цаас шиг ашиглаад хаясан даа.

    Хариулах
    • 59.153.113.203
      2024/03/07

      Uuu huurhu odoo yaana haahaa

  • 213.55.241.181
    2024/03/06

    Энэ эмэгтэй үнэхээр мундаг, боловсролтой сайхан хүн. Ийм эмэгтэйчүүдээ бид дэмжих ёстой.

    Хариулах
    • 202.126.91.25
      2024/03/08

      Чам мэтийн хог шааруудаас болж улс оронд гай болсон нөхдүүд дахин дахин худал ярьж, жүжиг тавьсаар гарч ирээд бгаа шүү...

  • 202.126.91.25
    2024/03/06

    Эмэгтэйчүүдийн оролцоо, жендэр г.м зүйлсийн цаана та нар л бгаашдээ. Эмэгтэфчүүдийн нэр барьж төрд гарах гэсэн арчаагүй оролдлого. Төрд эмэгтэйчүүд олноор гарснаар авилга буурдаг гэчжээ. Уучлаарай одоо бгаа сонгууль дөхөхөөр амилдаг хэд чинь үгүй гэдгийг нотолоод л байгаа...Та нарт хууртдаг цаг үе хэдий нь өнгөрсөн. Ямар ч мэдрэмжгүй, цаг үе, ард олны үзэл бодол нийгэм г.м ийн өөрчлөлтийг ч мэдрэхгүй , нөгөө л 30 жилийн өмнөх юмаа ярьсаар. Амьсгаагаа дараад эргэн тойрноо анхааралтай хараач, тэгээд эргэцүүлж сайн бод. Тэгвэл Монголчууд их өөр болсоныг ойлгох бх. Товчхондоо эмэгтэйчүүдийн нэр барьж төр лүү зүтгэхээ больцгоо.

    Хариулах
    • 103.9.90.130
      2024/03/07

      яг хэллээ, баярлалаа