Ж.ЦОЛМОН: Аливаа хүчирхийлэл, дарамтыг хүлцэн тэвчих нь дараагийн хохирогчдыг төрүүлдэг

Админ
2024/04/08

АШУ-ы доктор, профессор Ж.Цолмон сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлын талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Урлаг бол нийгмийг соён гэгээрүүлж, баяр баясгалан бэлэглэж, ухаарал хайрлаж, сэтгэлийг хөглөдөг, нөлөөлөгч хүчтэй “зэвсэг”. Гэтэл урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг СУИС-ын оюутнууд доод курсийнхээ хүүхдүүдийг зоддог, дээрэлхдэг, доромжилдог гэх хар бараан мэдээллүүд нийгмийн сүлжээгээр тархаж, ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Энэхүү дарамт нь сургуулиа төгсөөд ч дуусахгүй, сайн уран бүтээл хийж өгнө, алдрын замд хөтөлнө гэсэн продюсерүүд нь нэргүй зарц болгож, хөлс хөдөлмөрийг нь сорж мөлжиж байсан тухай ч залуу уран бүтээлчид шүгэл үлээх болсон. Урлагийн зам хатуу байдаг, тэсэж чадсан нь үлддэг гэсэн ойлголт энэ салбарт амь бөх оршдог юм байна. Энэ бүхний эсрэг бид нийтээрээ нэгдэж, тэмцэж чадвал ирээдүйд олон хүн хохирохоос сэргийлж чадна.

Үйлийн үр гэж байдаг. Алив муу үйл заавал илэрдэг. Жишээ нь 2017 онд Америкийн алдарт продюссер Харви Ванштейн нийт карьерийнхээ туршид холливүүдийн 60 гаруй эмэгтэй жүжигчинд бэлгийн дарамт үзүүлж байсан хэрэг дэлгэгдэж, 2020 онд 23 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Энэ жишээнээс харахад, хохирогчид тухайн үед хэрэг явдлыг хүлцэж, нууцалснаас дараагийн эмэгтэйчүүд хохирох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэж болох юм. Иймд энэ төрлийн асуудлыг нийгмээрээ шүүмжилж, цаг алдалгүй таслан зогсоож чадвал цаашид олон хүн хохирохоос сэргийлж чадна. Тэр тусмаа нийгмийн хөгжлийн хамгийн том нөлөөлөгч болох урлагийн салбарынхан маань соёлтой, хүнлэг, эрүүл, ил тод, гэгээлэг, байх ёстой гэж бодож байна.

Урлагийн Янжинлхам бурхан та бүхнийг ивээг" гэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна