Агаар мандлыг давсаар хөргөх аргыг туршиж байна

Админ
2024/04/09

АЛАМЕДА, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /Azertac/. АНУ-ын Калифорни муж улсын Аламеда хотод шүршигч буугаар  агаарт давс цацаж эхэлжээ. 

Энэ бол дэлхийд ирж буй нарны туяаг багасгах, манай гаргийг хөргөхийн тулд далайн үүлсийг цайруулах аргыг бий болгох зорилгоор Хойд Америкийн нутагт хийж буй анхны хээрийн туршилт юм. Гэхдээ бас сүүлчийнх биш ажээ. Далайн үүлсийг цайруулах хөтөлбөрийн хүрээнд Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн хийж буй энэхүү туршилт хаврын турш үргэлжилнэ. 

Дэлхийн агаар мандал жилээс жилд улам халахын хэрээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахын тулд хийж буй судалгааны тоо улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, геоинженерчлэл буюу уур амьсгалыг өөрчлөх аргыг дурдаж болно. Гэхдээ уг технологи ямар үр дагавартай вэ гэдэг нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр, хэрвээ уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох "ослын тоормос" гэж байдаг бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаас татгалзах хүмүүс гарч ирж магадгүй. Тэгэхээр энэ бол маргаантай сэдэв юм.

Далайн үүлсийг цайруулах хөтөлбөр бол дэлхийд ирж буй нарны туяаг багасгах талаар дэвшүүлж буй шинэ санаануудын зөвхөн нэг нь юм. Тодруулбал, далайн уснаас үүссэн давсны нарийн ширхэгт хэсгүүдийг хөлөг онгоцноос үүл багатай бүс рүү цацна. Ингэснээр үүлс нь нарны туяаг гадагш илүү сайн ойлгож, дэлхийн дулаарлыг бууруулах ажээ. 

Вашингтоны их сургуулиас мэдээлснээр, туршилтын хүрээ маш хязгаарлагдмал тул орон нутгийн уур амьсгалд нөлөөлөхгүй. Эдгээр жижиг хэсгүүд тархан сарних тул агаар мандалд үлдэхгүй. Иймээс уур амьсгалд удаан хугацаанд нөлөөлж байхын тулд давсыг байнга, их хэмжээгээр шүрших ёстой.

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.54
    2024/04/09

    Байгалийн зүй тогтолд зохиомлоор нөлөөлөхөд үүсэх сөрөг үр дагаварыг хэн ч тооцож чадахгүй дээ.

    Хариулах