Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна

Админ
2024/04/12

“Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвийн хүрээнд МАН-ын анхан шатны удирдах ажилтнууд зөвлөлдөж байна. Энэхүү зөвлөгөөнөөр бүсчилсэн хөгжлийн реформыг хэрхэн дэмжиж оролцох тухайд нэгдсэн ойлголттой болох, мөн Үндэсний аудитын газраас гаргасан шаардлага, дүгнэлтэд мөрийн хөтөлбөрөө нийцүүлэх асуудлыг хэлэлцэх юм. 

Энэ тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Энэхүү зөвлөгөөнөөр олон сэдвийн хүрээнд хэлэлцэж ярилцана. Тухайлбал, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтийг танилцуулан тус газрын тавьсан шаардлагад нь нийцүүлэн эцсийн байдлаар дахин хүргүүлэх зорилго дор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.

УИХ-ын энэ удаагийн сонгуульд 24 нам, хоёр эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн юм. Тус газраас нам, эвслүүдийг мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцүүлэх дүгнэлт гаргасан. Үүний дагуу нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, холбогдох хуульд заасны дагуу энэ сарын 17-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Ийм хариуцлагатай цаг үед МАН удирдах ажилтны улсын зөвлөгөөнөө зохион байгуулж буй гэдгийг холбогдох албаныхан тодотгож байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох зорилго дор алсын хараанд төвлөрсөн есөн зорилгыг тодорхойлон “Алсын хараа-2050” баримт бичгийг 2020 онд баталсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.238
    2024/04/12

    Наад 2050-гэгчээ засаа! Худлаа суржигнээд, мэдлэг, боловсрол унэхээр дорой байнаа!!!

    Хариулах