ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА

Админ
2024/04/12

Монгол Улсын Засгийн газраас 2024.04.03-ны өдөр УИХ-д өргөн барьж, 2024.04.04-ний өдрөөс нэн яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль /ҮБСтХ/нь Үндсэн хуультай зөрчилдсөн, Монгол Улсын иргэдийн эзэн эрхийг боомилсон үзэл баримтлалтай байгааг ШИНЭ нам эсэргүүцэж, хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ШИНЭ намын гишүүн, эрхзүйч Б.Баярмаа, эрхзүйч М.Сайнбаяр, эдийн засагч Б.Мөнхжаргал, эдийн засагч Т.Баярхүү нар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2-т “...Байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл ҮБСтХ-д “Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхийг хориглоно.“ гэж заасан нь Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьцааг зөвхөн хөрөнгө бэлтэй хувь хүн, компаниуд л худалдан авах буюу баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн биш хэсэг бүлэг олигархиуд л хүртэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Бусад улс төрийн нам, Иргэний нийгмийн байгууллага, нийгмийн бүлгүүдтэй зөвшилцөлгүйгээр нэг нам дангаараа боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь баялгийн жинхэнэ эзэн болох иргэдийн мэдэх эрх болон бодлого, шийдвэрт оролцох, хянах, нөлөөлөх, хариуцлага тооцох эрхийг хумьсан бөгөөд хэт ерөнхий, тойм төдий томъёологдсон, хэтэрхий товч, нарийвчилж зохицуулаагүй, хэрэгжих арга механизм тодорхой бус гэхчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 заалтыг зөрчсөн байна.

Монгол Улс 2009 онд “Хүний хөгжлийн сан” байгуулсан ч МАН, АН-ын сонгуулийн амлалтыг биелүүлэхэд ашигласаар өр, зээлдээ баригдаж, улмаар татан буулгасан. Дараа нь 2016 онд “Ирээдүйн өв сан”-г байгуулж, 2030 он хүртэл хуримтлалд нь “гар хүрэхгүй” байхаар хуульчилсан ч тус сангаас “Хүүхдийн мөнгө”-ийг олгох болсон. Энэ мэтчилэн өмнөх сангуудыг дампууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ардын нам дангаараа засаглаж байгаа энэ цаг үед, тэр тусмаа бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй одоогийн парламентаар ҮБСтХ-ийг хэлэлцүүлж болохгүй гэсэн байр суурийг ШИНЭ нам илэрхийлж байна.

Бид зөвхөн шүүмжлэх бус тодорхой саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Баялгийн жинхэнэ эзэн-иргэдээр хэлэлцүүлж, саналыг тусгах;
2. Баялгийг авлигачдаас хамгаалах зорилгоор “хамгаалалтын тойрог” байгуулж баялгийн орлогыг хулгайлах, идэж шамшигдуулах, буруу зарцуулахаас сэргийлэх;
3. Газар, Хөрөнгө оруулалт, Ашигт малтмал, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хууль зэрэг шууд уялдаа холбоотой хуулиудтай хамт хэлэлцэх;
4. Улс төрийн зөвшилцлөөр шийдэх;
5. Шинээр байгуулах УИХ-аар батлуулах;
6. Улс төрөөс хараат бус, бие даасан 100% “Ард түмний баялгийн сан” байгуулах;
7. Хамгийн шилдэг хуульч, судлаач, эрдэмтэн, эдийн засагч, стратегичдээс сонгон шалгаруулж, менежментийн баг бүрдүүлж, санг удирдуулах;
8. Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх арга механизмыг нарийвчлан тодорхойлохыг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс шаардаж байна.

ШИНЭ НАМ


ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна