АН УИХ-д бүлэггүй болсоноо албан ёсоор зарлаж, АТГ шинэ даргатай болно

Админ
2019/03/12

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт нээнэ. Чуулгантай зэрэгцээд хаврын улс төр ч нээлтээ хийж, албан тушаалтнуудын авсан, аваагүй гэх яриа хэвлэлийн хуудаснаа эрчээ авч байна. Олны анхааралд байгаа ЖДҮС-тай холбогдсон УИХ-ын гишүүдийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Сүүлийн өдрүүдэд зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх гэж байна гэх мэдээлэл салхинд ассан гал мэт тархсан. Гэвч уг мэдээллийг АТГ үгүйсгэв. Тэгэхээр энэ удаагийн ээлжит бус чуулган энэ сэдвээс холуур өнгөрөх нь. Харин АН УИХ-д бүлэггүй болсоноо албан ёсоор зарлаж, АТГ шинэ даргатай болох нь баараггүй аж. 


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор тарж байгаа болон  ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудын талаар "Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төсөл надад байна. Албан ёсны захирамж ирээгүй. Энэ төслөөр татварын ерөнхий хууль, гацаад байсан ашигт малтмалын хууль, тэгээд томилгоо яригдах юм билээ. Ер нь бол томилгоонд чиглэсэн ээлжит бус чуулган болох юм байна гэж бодож байна. Хаврын ээлжит чуулган эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болсныг мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Гишүүд байна. Үзэл баримтлал байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага л авах боломжгүй болно" хэмээн ярьжээ. 


Дээр дурдсан томилгоонуудын нэг нь АТГ-ын даргынх. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс одоогийн АТГ-ын дарга Д.Энхжаргалыг солих гэж нэг бус удаа оролдлого хийсэн. Түүний хувьд албан тушаалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар ажлаа өгөөгүй ч энэ удаа яах аргагүй байдалд оржээ. Ерөнхийлөгчийн зүгээс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр тусгажээ. Түүнээс гадна Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр хүлээгдэж байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна