Халдвар авсан эх, хүүхэд хоёрт ёс зүйгүй, хүнлэг бус хандсанд эгдүүцсэн олон нэг өдрийн турш төв талбай дээрээ жагсаал хийсний үр дүнд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон.  Тэгвэл уг асуудал улстөрийн хүрээнд нэлээн өндрийг авч, хоёр сайдаар зогсохгүй Засгийн газар танхимаараа огцрох асуудал руу хэвийжээ. 

Өчигдрийн үйл явдалтай холбогдуулан  У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан нэлээд нухацтай хуралджээ. Уг хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал гаргасан гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллүүд мэдээллээ. Хэдийгээр уг шийдвэрийг зарим сайд нар нь эсэргүүцсэн ч тэрбээр хамтран зүтгэж буй хоёр сайдыгаа явуулчихаад сугарч үлдэхгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. 

МАН-ын Удирдах зөвлөл одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Уг нь тус хурлаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хоёр сайдынхаа оронд хэнийг томилох вэ гэдгээ ярилцах учиртай. Учир нь Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг огцруулахдаа дараагийн томилох хүнээ хамтад нь оруулж ирэх юм. Гэвч цаг үеийн нөхцөл байдал эсрэгээр эргэсэн байж болзошгүй байна. Албан бус мэдээллээр Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаараа огцрох саналыг хэлэлцэж магадгүй аж.