Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Улсын онцгой байдлын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны судалгаа шинжилгээний албаныхан ирэх "Сар шинийн өдрүүдэд хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай. Хэрэв хөл хориог хязгаарлахгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, 3000 давна. Ийм тохиолдолд зөвхөн хүнд өвчтөнийг л эмнэлэг хүлээн авч эмчлэх, хөнгөн өвчтөнүүдийг гэрт эмчлэх арга руу орох байдалд хүрч болзошгүй" хэмээн мэдээллээ. 

Тус албаныхан нэгдүгээрт, хоёрдугаар сарын 6-наас хоёрдугаар сарын 21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох. Хоёрдугаарт, ажлын тав хоног, амралтын дөрвөн хоног өдөр буюу үндсэндээ нийт 9 хоногийн хөл хорионы стратегийг хэрэгжүүлэх санал гаргажээ. Ингэхдээ хөл хориог ирэх бямба гаригаас эхлээд хөдөлгөөнийг багасгаж, тэрний дараагийн долоо хоногоос илүү өндөржүүлсэн чанга хөл хориог тогтоох замаар халдварын тархалтын хумих төлөвлөгөө гаргасан байна. 

Учир нь энэ удаагийн хөл хорио цар тахлыг дарах сүүлийн боломж аж. Учир нь урин дулааны цагт хүмүүсийн хөдөлгөөн нэмэгддэг тул цар тахлын халдвар нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Тиймээс энэ удаагийн хөл хориог зөв үр дүнтэй тогтоох нь чухал гэдгийг давхар санууллаа. 

Хөл хорио тогтоох эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.  Өнгөрсөн бямба гарагт УОК хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргасан. Тухайн үед хөл хорио тогтоох талаар шийдвэр гаргана гэх хүлээллтэй байсан ч энэ талаар хэлэлцээгүй талаар албаныхан мэдээлсэн билээ.