“Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ

Админ
2021/02/24

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 үгтэй, 2 таслалтай, 1 өгүүлбэрээс “…зөвхөн нэг удаа…” гэх 3 үгийг таслан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ.

“Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад  нийцэхгүй гэж үзэж байна.

Үндсэн хууль нийтэд үйлчлэх ёстой байтал зөвхөн нэг хүнд зориулагдсан байж болохгүй. Өөрт таалагддаггүй хүний эрхийг боомилох, иргэдийн сонгох эрхийг хясах явцуу зорилгоор хуульт ёс, эрхзүйн онолд огт нийцэхгүй байдлаар Үндсэн хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхийг шаардаж болохгүй. Нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хууль үйлчлүүлэхийг тулгах нь өөгшүүлэн дэмжих явдал биш.

Үндсэн хуулийн цэц нь гагцхүү УИХ-ын баталсан хуулийн үг, өгүүлбэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах эрхтэй бөгөөд батлагдсан хуульд ямар үг, өгүүлбэр байх ёстойг тогтоох, мөн хянах, ийм үг, өгүүлбэртэй хууль гарга хэмээн УИХ-д даалгах эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй болов уу.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд дээрх маргааны талаарх байр сууриа өөрийн биеэр илэрхийлэхдээ хэлсэн үгэндээ,

“Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол агуулга нь монгол хүн эх орныхоо баялгийг шууд хүртэх, эзэн нь байх боломж олгосон заалтууд юм. Би энэ заалтын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг ахалж оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгч орж зөвшилцөхгүй бол иргэд болон  улс төрийн хүчнүүдийн хооронд ойлголт, ойлголцол тун муутай байсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг гэж бодсон учраас би оролцсон юм.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний шахалт шаардлагаар төрд дэвшилттэй тодорхой бодлогыг бий болгосон боловч сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төдийгүй, Үндсэн хуулийг бүхэлд нь гажуудуулах хэмжээний бодлого, үйл ажиллагаанууд УИХ дахь олонхийн бүлэг илтээр явуулах боллоо.

Гуравдугаарт, Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон. Энэ бүхнийг үгүйсгэж, Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй.

Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна.

Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртдэг, улс орны хөгжилд нэмэрлэдэг болох чиглэлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц гарсан гэдгийг тодорхой баримтуудаар дурдаж болно. Үүнийг салбар хуулиудаар гажуудуулмааргүй байна” гэлээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлэхдээ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс ирсэн. Үүний дагуу маргааныг хүлээн авч, хянаж байгаа. Энэ хүрээнд тухайн маргаанд холбоотой субьектуудээс тайлбар авах, байр суурийг нь албажуулан хүлээж авах хууль зүйн боломж байдаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийн хариуд бичиг хэргийн журмаар тайлбар ирүүлээд, өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж байгааг ойлгож, төрийн тэргүүний Үндсэн хуулиа дээдэлсэн үйл ажиллагаа гэж хүлээж авч байна. Бид одоо дараа, дараагийн алхмыг хийж, хариу өгнө.  Мөн таны 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн гурван хуультай холбоотой хүсэлтийг гишүүдэд хуваарилж, процессын дагуу явж байна. Энэ асуудлаар тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах зэрэг ажлууд явж байна” гэв.

Эх сурвалж: https://president.mn/17532/?fb...


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.88
    2021/02/24

    boldbaatar boli baas

    Хариулах
  • 107.181.166.86
    2021/02/24

    Хулгайч Женко одоо болноо. Чи эрхгүй. Амьдралдаа нэг удаа ч болов хуулийг хүндэтгэж үзээрэй. Чиний донтсон мафийн кино биш.

    Хариулах
  • 202.9.40.76
    2021/02/24

    Дэвших эрхтэй шүү дээ. Үндсэн хуулийн цэц нь мэдээжийн юман дээр цаг алдах шаардлагагүй юм. Анхны 7 өөрчлөлтөөс бүх зүйлийг одоо хүртэл буруугаар засдаг юм. Ийм байж үндсэн хууль зүгээр бэлэгдэл болчихсон хариуцлагагүй хүмүүсийн цуглуулга нь баймааргүй болгох ёстой.

    Хариулах