Ардчилсан намынхан даргын сунгаагаа хоёр хуваагдан тус тусдаа зохион байгуулж буй. Ц.Тувааны буюу энэ сарын 4,5-нд намын даргынхаа сунгааг зарласан тэд өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:

-Ардчилсан намын даргын сунгаа явагдаад 7 хонож байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид орон нутгийн 6000 гаруй гишүүдтэйгээ цахимаар уулзалт зохион байгууллаа. Өнөөдрөөс саналын хуудас хэвлэгдэж, намын байруудад хуваарилагдана.

- Намын даргын сонгуульд идэвхтэй оролцоно хэмээн 330 сумын намын үүр мэдэгдсэн.

- Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэж байна гэх буруу ташаа мэдээлэлд залруулга хийж байна. АН-д нэр дэвшигчийг энэ сарын 4,5 нд бүртгээд 28-ны өдөр санал хураалт явагдана. Уламжлалт цаасан хэлбэрээр явагдана. Цахим хэлбэрээр явагдахгүй байхыг анхааруулж байна.

- Ардчилсан намын шинэ болоод хуучин удирдлагуудын хооронд зөрчил үүссэн. Манай ДСХ Их хурлаас томилогддог. Гэтэл дахин нэг сонгуулийн байгууллага буюу тоглоомын байгууллага гаргаж намын даргын сунгааг санаатайгаар үймүүлж байгаад харамсаж байна.

- УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд зөрчилдөгч талуудтай уулзсанд намынхаа гишүүний хувьд баяртай байна. Гэхдээ тэд уулзалт хийгээд ДСХ-ноос зарласан намын даргын сунгаанд өөрчлөлт оруулах боломжгүй.

- ДСХ намынхаа дүрэм журмын хүрээнд намын даргынхаа сонгуулийг явуулахгүй бол энэ зөрчилдөөн хэдэн ч жил үргэлжилж мэдэхээр байна. Ер нь АН-ыг даргатай байхыг хэн нэгэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх кампанит ажил эртнээс явагдсан.