УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК “Автобус III”-ын газар болон бусад обьектийг худалдаж авсны улмаас тус баазад ажилладаг 700 хүний эрх ашиг хөндөгдөж байна гэх мэдээлэл гарах болсон.  Тэрбээр энэ талаар тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Автобус 3” баазын газрыг миний үүсгэн байгуулсан компани худалдаж авсан нь үнэн.  2015 оноос хойш 30 удаа зарлагдаж буй  энэ газрыг миний хамаарал бүхий компани 2019 оны 6 сарын 29-ны өдрийн дуудлага худалдаагаар 20 тэрбум, 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Анхны дуудагдсан үнэ нь 15 тэрбум төгрөг. Би төрөөс хулгай хийгээгүй, энэ газрыг өөрийнхөө чин шударга хөдөлмөрөөрөө худалдаж авсан. Жилийн өмнө мөнгөө тушаачихсан, өмчлөгчийн гэрчилгээ нь ч гарчихсан.   


Гэвч үйл ажиллагаагаа явуулах  гэтэл улстөржүүлж, хэвлэлээр дайрч байна, ажилчдыг нь турхирч байна. Хотын захиргаа яагаад 2015 оноос 30 удаа дуудлага худалдаа зарласан байж автобуснуудаа хаана байршуулахаа ч шийдэж чадаагүй юм бэ. Энэ асуудлаа шийдсэний дараа дуудлага худалдаагаа зарладаггүй юм уу.

Яагаад 700 хүнийхээ ажлын байр, нийгмийн асуудлыг өнөөдрийг хүртэл анхаарахгүй байгаа юм бэ. Миний төлсөн 20 тэрбумын 10-аар нь хангалттай обьектуудаа барьчихна. Тэр мөнгийг хааш нь оруулчихаад энэ хүмүүсийг хөсөр хаясаныг үнэхээр мэдэхгүй байна. Хэдийгээр би УИХ-ын гишүүн хүн ч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажилд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ чимээгүй байхаар үндэслэлгүйгээр гүтгээд байх юм. Менежмэнтийн гэрээгээр худалдаж авсан бол өөр хэрэг. Гэтэл энэ чинь улсын дуудлага худалдаа шүү дээ. Хэрвээ ийм байдлаар үргэлжүүлбэл дараа нь хэн төрийн дуудлага худалдаанд оролцох вэ, хэн итгэх вэ” гэв.