Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Амарбаяр, Б.Гүнбилэг, Г.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтас хэргийг шүүгч Б.Амарбаясгалангийн илтгэснээр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал буюу гурван жил зургаан сарын хорих ялыг хэвээр үлдээсэн байна. 

Эргэн сануулахад, 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр шүүгчдэгч Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэж байсан. 

Д.Дамба-Очир улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахад нөлөөлсөн хэрэгт холбогдсон билээ.