ЖДҮ-ээ боомилж, Хятадыг дэмждэг Монгол төрийн бодлого

Б.Ариунзаяа
2021/04/06

Аливаа улсын Засгийн газар дотоодын үйлдвэрээ дэмжихийг илүүд үздэг. Үйлдвэржилт хөгжиж, иргэд нь худалдан авалт хийснээр эдийн засаг нь сэргэж, өсөлт нь нэмэгддэг учир энэ төрлийн бодлогууд Засгийн газрын эн тэргүүний зорилт болж, хэрэгжилтээ ч тэр хэрээр хангадаг.

Манайх шиг хөгжингүй оронд, ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед үндэсний үйлдвэрүүдээ дэмжих нь юу, юуны түрүүнд яригдах асуудал.  Харамсалтай нь эрх баригчид энэ онд ЖДҮ-дээ сохор зоос ч төсөвлөөгүй. Эрх мэдлээ хэтрүүлж, идэж уусан хэсэг нөхдүүдээс болж, ЖДҮ-чид нийтээрээ “эрхээ хасуулсан”. Харин одоо татвараар дарамталж, боомилж эхэлсэн харамсалтай мэдээлэл дуулдаж байна.



 УИХ өнгөрсөн онд дэлхий дахинд цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Энэ хуулийн 9.6. Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Манай улсад эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг нэгээр тогтохгүй үйлдвэрлэгч бий. Маск, бээлий, хамгаалалтын хувцас гээд нэг удаагийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдэд зохих үр дүнгээ өгсөн.  

Гэвч уг заалт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүчингүй болжээ. Өөрөөр хэлбэл эм эмнэлгийн хэрэгсэл дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжөөс гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар авч эхэлсэн байна.


Уг нь энэ хуулийг баталж байхдаа санаачлагч нь олон гоё зүйл ярьсан. Энэ төрлийн үйлдвэрлэгчид татвараас чөлөөлөгдсөнөөр бараагаа хямдаар борлуулахаас гадна дотоодын хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг 100 хувь хангах боломжтой талаар ам уралдан ярьцгааж байсан.

Харамсалтай нь Улсын Онцгой комиссоос эхлээд Нийслэлийн Онцгой комисс хүртэл энэ хуулийн үзэл санааг нь дагаж мөрдөөгүй. Манайх дотооддоо олон улсын шаардлага хангасан хоёр янзын хамгаалалтын хувцас, бээлий, маск үйлдвэрлэдэг. Тэд дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортод ч гаргах бүрэн боломжтой. Зарим нь олон улсын зах зээл гаргаад эхэлчихсэн.

Гэвч Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэх чиглэл өгсөн ч УОКНОКДОК-ыхон хэрэгцээнийхээ бүтээгдэхүүнүүдийг бараг бүгдийг нь шахуу БНХАУ-аас захиалж авсан нь харагддаг. Чанар болоод үнийн хувьд ч ялгаагүй бүтээгдэхүүнийг заавал урд хөршөөс захиалж авсан нь хөрөнгө хэмнэхээсээ илүү хэн нэгний шахаас байсан уу ч гэх хардлагыг төрүүлдэг нууц биш.

Ийнхүү Засгийн газар, эрх баригчид ЖДҮ-ээ дэмжинэ гэж хамгийн их чангаар дуугарч байгаа ч хамгийн ихээр хохироосоор байна. Энэ төрлийн үйлдвэрлэгчдийн түүхий эдийг нь татвартай болгоно гэдэг цаагуураа БНХАУ-ын үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаас өөрцгүй. Татваргүй, хямд үед вагоноор нь оруулж байгаа үед татвар өгөөд ажлын байраа хадгалаад үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг ёстой үлгэр гэдгийг наад захын үйлдвэрлэгч ч хэлнэ. 

Тиймээс төр өөрийн бүтцээрээ ЖДҮ –гээ дэмждэггүй юмаа гэхэд хуулиараа боомилохгүй баймаар байна гэдгийг үйлдвэрлэгчид сануулж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна