Өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй. #Шууд

Хуульч, Өмгөөлөгч Б.Мөнхзаяа:

- Ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ер нь сонгууль гэдэг нь ҮХ-д "Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна" гэдэг заалт бодитоор хэрэгжиж байгаагийн илэрхийлэл. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ҮХ-д орсон нэмэлт өөрчлөлтөөс болж иргэдийг ихээхэн талцуулж байна. Зарим нь зөв талаас нь харж байгаа бол зарим нь эрх сонирхол байна уу гэж хувьдаа харж байна. 

Учир нь ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 11 дүгээр сарын 14-нд батлагдсан. 2020 оны 5 дугаар сарын 25-наас хэд хэдэн зүйл заалтууд нь хэрэгжиж эхэлсэн. Энэ мөрдөгдөж эхэлсэн заалтад 

Үндсэн хуулийн 30 зүйлийн 2 дугаар заалт буюу  "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" өөрчлөлт нь мөрдөгдөж эхэлсэн. 

Үүнд хэлзүйн тайлбар хийх болчихоод байна. Үндсэн хуулийг хэн ч тайлбарлах эрхгүй ч маргаан мэтгэлцээний үед өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийн тулд зайлшгүй тайлбар хийх шаардлагатай болчихож байна. 

Хэлзүйн тайлбар толиноос харахад "Зөвхөн" гэдэг үг бол ганцхан удаа гэсэн утга илэрхийлдэг.  Гэтэл бодит байдал дээр иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг байдаг. Үүнийг нь ашиглаж, өөрсдийнхөө болон бусдын ашиг сонирхолын төлөө үүнийг гуйвуулж байна уу гэх хардалт надад байна. 

Зарим иргэд өмнөх Ерөнхийлөгч нар 4 жилийн хугацаатай байхад сонсогдсон. Энэ удаа 6 жил болсон нь арай өөр ойлголт. Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сард сонсогдсон Ерөнхийлөгч л дахин нэр дэвших боломжгүй гэж ярьж байгаа бол нөгөө хэсэг нь өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшихгүй гэж ҮХ-д тусгаагүй учир нэр дэвшиж болно гэцгээж байна.

Онолын хувьд нийтийн эрх зүйн салбарт зөвшөөрсөнөөс бусад бүх зүйлийг хориглодог. Өөрөөр хэлбэл зөвшөөрөөгүй л бол хориглоно гэдэг зарчмынхаа дагуу ойлгох нь зөв. Үндсэн хуульд заавал хориглоно гэж зааж гэмээн энэ хүмүүс нэр дэвших эрхгүй болно гэж ярьж болохгүй. Мөн зарим хүмүүс ҮХ-д зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан нь сонгох, сонгогдох эрхийг хязгаарлалаа гэдэг ойлголтыг яриад байна. Энэ бол эрх мэдлийн хязгаарлалт.