УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм. Цэцийн уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзсэн.