УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар АН-ын АНУ-ын DCI Group-тэй байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Нээлттэй дэлхий, ил тод байдал ямар чухал болохыг энэ үйл явдал харуулж байна. Хаана ч, юу ч нууж болдоггүй болсон нь ардчилсан улсын нэг сайхан зүйл. Хийсэн гэрээ нь дэлхийн нийтэд ил байгаа үед ийм гэрээ байхгүй гэж чуулганы хуралдаан дээр хэлж болохгүй. АНУ-ын лобби компаниудын гэрээ, хэлэлцээрийг албан ёсоор бүртгэдэг бүртгэлийн системд албан ёсны бичиг баримт л бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл энэ гэрээ бол бодитой, баталгаатай хийгдсэн гэсэн үг.

Хоёрдугаарт, гэрээнд хэн гарын үсэг зурсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Бид хэн нэгний оролцоогүйгээр бид сонгуулиа хийдэг байх хэрэгтэй. Цэргийн дэглэмтэй болсон улс орнуудад зөвлөгөө өгч, тархи угаалт хийдэг лобби бүлгийг хөлслөсөн байгаа нь манай ардчилалд асар их сөргөөр нөлөөлнө. АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампийг ОХУ-аас ийм дэмжлэг авсан байж болзошгүй гэх асуудал нь Ерөнхийлөгчөөр ажиллах 4 жилийн хугацаанд нь шалгагдаж явж байсан. 

2008 оны долдугаар сарын 1-ний түүхэн хар өдрийн үйл явдалд гаднын улсын оролцоо орсон эсэх дээр сэжиг байдаг ч  одоо хүртэл баталж, нотолж тогтоож чадаагүй. Ардчиллын хамгаалахад АНУ-ын хөлсний лобби компанитай Монголын улс төрийн томоохон нам хамтрахаар гарын үсэг  зурсан нь маш ноцтой асуудал. Улс төрийн бүх намуудын анхаарлаа хандуулах хэрэгтэй гэлээ.