УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 9.5 гэснийг 8.5 гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээг 1 хувиар буурах юм. Төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсч, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасан, ажлын байр хадгалах, улмаар нэмэгдүүлэх, тэр хэрээр хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.
Хуулийн төсөл батлагдвал Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэх тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд тус тус зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүссэнийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!