Л.Оюун-Эрдэнэ: Монгол улсын Засгийн газруудын хувьд эхлүүлсэн ажил ихтэй ч дуусгасан нь ховор байдаг

Б.Ариунзаяа
2021/06/09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгч байна! #ШУУД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Эрх чөлөөт монгол улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Цар тахалтай амаргүй үед сонгууль боллоо. Өмнөх сонгуулиудыг бодвол зардал бага тайван болж өнгөрлөө. Ирц өндөр байна. Талархаж байгаагаа илэрхийлж байна.

Монгол улс 1992 оноос хойш сонгууль зохион байгуулж байгаа ч анх удаа Төрийн тэргүүнээ 6 жилээр нэг удаа сонгох гэж байна. Өнгөрсөн 30 жилийн нэг асуудал нь сонгуулиас сонгуулийн хооронд буюу нэг Засгийн газар ойролцоогоор 1,5 жил орчим ажилладаг байсан. Энэ нь ойр ойрхон болдог сонгуулиас үүдэлтэй. УИХ, орон нутаг, он гараад Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Үр дүнгээс нь хамаарч  улс төрийн асуудал үүсдэг.  Энэ цикл сүүлийн 30 жил тасраагүй. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүн цаашид Монгол улсын төр засагт шинэчлэл гарах байх гэсэн итгэл найдвар, хүлээлттэй байна. 

Нийт иргэддээ төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн мэдэгдлээ. 

- Нэг намд хэт их эрх мэдлийг өгөх гэж байна гэх хандлага олон нийтийн дунд байна. Нийгмийн сүлжээгээр ч багагүй шүүмж өрнөж байна. Энэ тал дээр таны бодол?

- Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг Засгийн газар 1,5 жил л ажилладаг байсан. Бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан Ерөнхий сайд гуравхан байдаг. П.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүхийн Засгийн газар л дөрвөн жилийнхээ бүрэн эрхийг дуусгасан. Аливаа Засгийн газар урт хугацааны томоохон хөтөлбөрүүд, эхлүүлсэн олон ажлаа хэрэгжлүүлж, дуусгахын тулд дөрвөн жилийнхээ бүрэн эрхийн хугацаанд ажилладаг байх соёл руу орох нь зөв. Монгол улсын Засгийн газруудын хувьд эхлүүлсэн ажил ихтэй ч дуусгасан нь ховор байдаг. Тиймээс ард иргэд маань илүү хариуцлагатай, ултай суурьтай сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. 

- Зарим улстөрчид "Цагаан сонголт хий" гэх уриалгыг их явуулж байна?

- Хэнийг сонгох нь тухайн хүний эрхийн асуудал. Цагаан сонголт бол сайн арга биш. Тиймээс хэн нэгэн нэр дэвшигчийг сонгох нь зөв. Учир нь сонгууль гэдэг бол өндөр зардалтай ажил. Цар тахалтай амаргүй хүнд үед дахин дахин санал хураалт, сонгууль явуулах нь эрүүл мэнд, эдийн засаг талдаа ч манай улсад ашиггүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна