Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая" хэмээн тангараглалаа. Тангаргаа өргөсөн шинэ төрийн тэргүүнд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тамгыг гардуулж өгснөөр түүний бүрэн эрхийн хугацаа дуусч байна.