УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар  "Монгол Улсын Их Хурал хаврын чуулганы эхний өдрөөс эхлэн дуусах хүртлээ цахимаар хуралдлаа.

Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75 өдөр чуулсан. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн бол, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 7, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын тогтоол 52, нийт 162 хууль тогтоомж баталсан байна.

Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулж, шинжлэх ухаанч мэтгэлцээн, ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлэх боломж цар тахлын улмаас хумигдсан ч цахим хуралдаандаа өндөр ирцтэйгээр, идэвхтэй оролцож, өндөр ачаалалтай ажилласан Эрхэм гишүүддээ талархал илэрхийлье" гэлээ.