УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ч. Ундрам нар өнөөдөр Олон улсын олимпиадаас медаль хүртсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Монгол сурагчдын хувьд одоогийн байдлаар Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологи зэрэг таван олон улсын олимпиадаас нийт 15 медаль, 3 шагналт байр хүртсэн бахдам амжилт үзүүлээд буй.
Уулзалтын үеэр Г.Дамдинням Монгол хүүхдүүдийг дэлхийн хэмжээний боловсролтой иргэн болгоход төр засгаас бодлогоор анхаарч, Боловсролын хуульд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байгааг онцоллоо. Түүнчлэн нийт багш нарын хөдөлмөрийг үнэлэх, үнэлэмжийг сайжруулах зүйл заалтуудыг ирэх чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд тусгаж байгааг тодотголоо.
Түүнчлэн БСШУС-ын байнгын хороо Монгол Улсын баг оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад тогтмол оролцох нөхцөл боломжийг хангах, амжилт гаргасан тохиолдолд урамшуулах тогтолцоог ханган ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!