Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон хоёр эрхээсээ татгалзаж байгаа талаар мэдэгдлээ. 

Я.Содбаатар: 

- Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хандсан хоёр хүсэлтээс У.Хүрэлсүх бүхэлд нь татгалзаж байна. Шүүхийн хараат бус байдал өнгөрсөн 30 жилийн турш нийгэм, улстөрд ихээхэн маргаан дагуулсан. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна. 

Нэгдүгээрт, шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хоёр чухал зүйл бий болсон. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх үү, Шүүгчдийн сахилгын хорооны гишүүдийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тодорхой заалтууд орсон. Үүний дагуу Шүүхийн тухай хууль батлагдан гарсан. Үүн дээр өмнөх Ерөнхийлөгчийн үед хориг тавьж, ҮХЦ-д хүсэлт гаргасан байсан. 

Хоёрдугаарт, Авилгатай тэмцэх газрын даргыг өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байсан бол одоо Ерөнхий сайд санал болгоод УИХ томилно гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, шүүгчдийг томилдог, шүүгчдэд хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж байна.  Шүүх эрх мэдлийг хараат бус байлгах, нийгэмд шударга ёс тогтоох, бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэчлэл өнөөдөр ийнхүү эхэлж байна" гэлээ.