Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар  тогтжээ. Ирэх оны төсвийн нэгээхэн хэсгийг Хүүхдийн мөнгө эзэлж буй. Тодруулбал ирэх онд 3 их наядийг халамжинд зориулахаар төлөвлөсний 1,4 их наяд нь хүүхдийн мөнгө байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийг 2022 онд 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байхаар төсвийн төсөлд тусгажээ.

Гэхдээ Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай үргэлжлүүлж буй. Үүний хүрээнд хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулах хувилбарын талаар нэлээд яригдсан. Тухайлбал, 0-5 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг бүтнээр нь олгох, 6-18 насны хүүхдүүдийн мөнгийг 50:50 эсвэл 20:80 зэрэг хувилбараар хуримтлуулах гэсэн сонголт яригдаж байсан.  Хэрэв 6-аас дээш насны хүүхдүүд мөнгөө хадгалах сонголт хийвэл 18 нас хүрэхдээ 18-20 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог ч гаргасан байсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр ирэх төсвийн төсөлд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл буюу эхний хагас жилдээ хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгох хувилбар оруулж байгаагаа мэдэгдлээ.

Дээрх хугацаанд шаардлагатай гэвэл 100 мянган төгрөгөө авч болох бөгөөд 2022 оны долдугаар сарын 1-нээс он дуустал 50 мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнг хадгаламжиндаа хуримтлуулж, үлдсэн 50 мянган төгрөгийг нь сонголттойгоор авч болох аж. Ингэхдээ хуримтлал нь инфляцаас хамгаалагдсан, арилжааны хүүгээр өссөн, хадгаламжийн даатгалаас бүрэн даатгаж, хамгаалагдсан байна. 

Одоогийн байдлаар хүүхдийн мөнгөний 30 орчим хувь нь шууд банкны хадгаламж руу ордог бол 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь авч байна. Гэвч шууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд буюу архи, согтууруулах ундаад зориулагдаж байгаа судалгааг холбогдох албаныхан гаргажээ.