2021 оны намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

  • - Манай улсад ч КОВИД-ийн нөхцөл байдал амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч, эмнэлгийн ажилтнууд маань ядарч туйлдаж байна. Манай 1200 гаруй иргэн энэ аюулт өвчнөөр амь насаа алдлаа. Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд Улсын Их Хурал гүн эмгэнэл илэрхийлье.
  • - Байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ бэрхшээл учруулж байгаа цар тахлыг зөвхөн хорио хязгаарлалтаар бус, харин иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна.
  • - Төсвийн орлого, экспорт, төлбөрийн тэнцлийн талаарх сар бүрийн статистикт сайн мэдээ байгаа ч инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа.
  • - Эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ.
  • - Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад  2021 оны 8 дугаар сард л гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь өссөн нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна.
  • - Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг УИХ байнга дэмжиж, хамтарч ажиллана. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй.
  • - 2021 оны хаврын чуулганы зорилтыг “Хүний эрхийг дээдлэх” хэмээн та бид тодорхойлж байсан. Намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно.
  • - Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсон. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй байна.
  • - Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна.
  • - сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай.
  • - УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. 
  • - Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, дэлхийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засгийн сэргэлт, хөгжлийн бодлогоо дэмжих хөшүүрэг болгон ашиглах ёстой.
  • - Төсвийн сахилга бол эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нэг чухал хэрэгсэл юм.
  • - Засаглалаа чадавхижуулаагүй цагт ямар ч сайн бодлого, зорилт үр дүнд хүрэхгүй. 
  • -   “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар Монгол Улс сүүлийн хоёр жилд 35 оноо авсан нь харамсмаар үзүүлэлт. 
  • - Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг 50 оноонд хүргэхийн тулд үнэлгээний үндэслэл болдог олон улсын байгууллагуудын үнэлгээ, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
  • - КОВИД олон сөрөг нөлөө дагуулсан ч бас шинэ боломжийг нээж өгч байгаа. Түүний нэг нь цахим ажил, үйлчилгээний өргөжилт юм. Одоо үүнийг технологийн шинэ дэвшилтэй уялдуулан, тогтмол хэрэглээ болгож чадвал цахим үндэстэн болох зорилгод маань томоохон алхам болно. 
  • - Монгол Улсын шүүхийн тухай хууль гацаанаас гарсан. Цэцийн шийдвэр эцэслэгдсэн. Одоо шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд УИХ-ын гишүүд, Хууль зүйн байнгын хороо онцгой анхаарал хандуулж, шүүхийн шинэчлэлийн ажлаа үр дүнд хүргэмээр байна.
  • - Улс орны хөгжил дэвшил, мандан бадрах маргаашийг эрдэм боловсролтой иргэд л бүтээн байгуулна. Тиймээс дэлхийн түвшний боловсролыг хүүхэд, залуустаа эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, дэлхийтэй хөл нийлэн алхах хөгжсөн шинэ монгол иргэдийг өсгөн хүмүүжүүлэх үзэл баримтлалтай багц хуулиудыг хэлэлцэхээр зорьж байна. Үүнд нэлээд их цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой.