Ардчилсан намаас өнөөдөр Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулсан. Цуглааны талаар УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалт өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ. 

Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд зарим явцуу зорилготой хүмүүс жагсаал цуглаан хийж, тэмцэл хийж ирсэн. Тэдгээр хүмүүс өөрсдийн зорилгоо биелүүлчхээд л таг болчихдог. Харамсалтай нь иймэрхүү хүмүүсийн ачаар ард иргэдийн итгэл мохчихсон.  Тэд тэмцэгч нар бүгд адилхан гэх явуулгыг санаатайгаар явуулж, үүнд нь мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүс автаж ирсэн. 

Би 17 жилийн турш иргэний нийгмийн байгууллагын дор шүүх, прокурорын байгууллага болохоо байлаа, хүн хэлмэгдүүлж байна гэж шударга ёсыг нэхэн тэмцэж ирсэн. Намайг ингэж хэлэхэд шүүхийг шүүдэг хэн бэ гэж хүлээж авдаг байлаа. Тухайн үед одоо хүүгээ сонгуульд өрсөлдүүлж буй Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Хэрвээ тухайн үед үүнд анхаарсан бол өнөөдөр өөрөө шүүхээс болж хохирохгүй ч байсан юм билүү. Хүүхдээ УИХ-д оруулах гээд гүйж байгаа шигээ эх орон, ард түмнийхээ төлөө гүйсэн бол зөндөө боломж байсан шүү дээ.

Дайны хажуугаар дажин гэгчээр АН-ынхан зөвхөн Э.Бат-Үүлийн нөхөн сонгуулийн төлөө жагсаал хийж байна. Уг нь энэ нам чинь УИХ бүлэгтэй нам шүү дээ. Ард түмэнд хэрэгтэй хууль санаачлаад дэмжлэг авах бүрэн боломжтой. Дотроо учраа олоогүй байж. Дээр нь нийгэмд байгаа эх орныхоо төлөө зүтгэх сонирхолтой залуучуудаа намдаа оруулах ямар ч сонирхол байхгүй. Өнөөдрийг хүртэл Э.Бат-Үүл гэдэг хүнтэй ганц ч удаа уулзаж үзээгүй.

 Өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэчлэлийн талаар Э.Бат-Үүлээс эхлээд АН-ын олон хүнд захиа, албан бичиг илгээж байсан. Гэтэл сонгууль болонгуут ард түмнээ сонсъё гээд жагсаал хийдэг. Залуучууддаа хандаж иргэдийн сайн сайхан амьдрах хүсэлд нь дөрөөлж, нэр төр ашиг хонжоо харж болохгүй шүү. Болох, болохгүй хүмүүсийн нөлөөнд автаж, буруу зүйл хий вий. Жижиг агуулгатай, үр өгөөжгүй жагсаал цуглаан хийхээ больцгооё” гэв.