УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ц.Нямдоржийг Цэцэд өгөхөө мэдэгджээ. Учир нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг ЗГХЭГ-ын дарга дөрвөн сар даржээ. 

Б.Энхбаяр: 

- Үндсэн хуулийн хэрэгжилтийг амилуулах хүрээнд Төрийн өмч, төрийн өмчийн компани засаглалын асуудлыг сайжруулах эрх зүйн орчин бий. Монгол улсын Ерөнхий сайдаас эхлээд МАН-ын дарга,  лидерүүд Төрийн өмчит компани засаглалыг сайжруулах реформ хийгдэнэ, ил тод болгож, авлигыг бууруулна гэх асуудлыг 7 сараас эхлэн ярьсан. 

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд зааснаар 2021 оны эхэнд энэ хуулийн төслүүд өргөн баригдсан байх ёстой, энэ хэрэгжээгүй. Улмаар УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74-р тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу хууль тогтоомжийн төслийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх, үүнийг Засгийн газарт даалгасан.  Энэ хуулийн төсөл одоогоор өргөн баригдаагүй, УИХ-ын 74-р тогтоол зөрчигдөөд 7 хонож байна.

Сураг сонсохоор ЗГХЭГ-ын дарга дөрвөн сар дарж хэвтсэн сурагтай. УИХ-ын тогтоол бол хууль тогтоомж, Засгийн газар бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцдаг. УИХ-ын шийдвэрийг биелүүлж чадахгүй бол тэр хүн явах ёстой.  Би иргэнийхээ хувиар ҮХЦ-д хандана.  УИХ тогтоол гаргаад толгойг нь илээд явах уу?