Сүүлийн үед иргэд виртуал хөрөнгийн талаар сонирхож, гарсан койн болгоныг худалдаж авсаар байна.  Үүнтэй холбогдуулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал:

- Таван төрлийн үйлчилгээ үзүүлэгч платформ дээр долоон төрлийн койн арилжаалж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн. 2 их наяд гэдэг бага мөнгө биш. Койн авахын тулд орон байр, унаа тэргээ заран байж  байгаа нь маш их эрсдэл дагуулж байна. Иргэд койн аваад ямар нэг эрсдэл учрах юм бол үүнийг өөрөө хариуцах ёстой. Төр ямар нэг хариуцлага хүлээх бололцоо байхгүй. Койн аваад нэг хэсэг нь ашиг олж байгаа бол нөгөө хэсэг нь алдагдал хүлээж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:

- Энэ хуулиар зөвхөн үйлчилгээ үзүүлэгчийг нь хуульчилна. Хэрвээ иргэн виртуал хөрөнгөд хөрөнгө оруулахаар шийдсэн бол зах зээлээс үүдэж эрсдэлээ 100 хувь өөрөө хариуцана. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар ямар ч төрлийн крипто валютыг төлбөр тооцоонд ашиглахгүй. Хэрэв ашигласан тохиолдолд хариуцлага тооцно.

СЗХ-ны хяналтын шалтгалын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн:

-   СЗХ-ноос удаа дараа мэдэгдэл гаргаж, иргэдэд анхааруулж байна. Олон улсын байгууллагууд ч гэсэн энэ талаар мэдэгдсээр байна. Гол агуулга нь эрсдлээ та 100 хувь даагаарай, хэрэв хөрөнгө оруулахаар шийдсэн бол алдаж болох хэмжээгээр  хөрөнгөө оруулж, азаа туршиж үзээрэй. Учир нь койныг хэзээ өсөж, хэзээ унахыг хэн ч тааварладаггүй. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн бол аав, ээж, амраг саднаа битгий уруу татаарай. Яагаад гэвэл эцсийн худалдан авагч нь хохирогч болж үлддэг. Энэ бол залилангийн систем.