Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, хайс, хашлага, ногоон байгууламжийг сүйтгэх, эвдэж, гэмтээх явдал олонтоо тохиолддог. Автомашин барих үедээ хариуцлага алдах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэргээс үүдэлтэйгээр замын хашлага, хайс төдийгүй таримал ургамал, мод, бут, сөөгийг их хэмжээгээр гэмтээдэг байна. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд энэ төрлийн зөрчил илүү нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Явган зорчигчид зуны улиралд зүлгэн дээр гишгэдэггүй хэр нь намар өвс хагдрахаас хавар ногоо цухуйх хүртэлх хугацаанд хаа дуртай газраараа явж, хөрсийг зүлэг ургах нөхцөлгүй болтол нь дагтаршуулж орхидог байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны мэргэжилтнүүдтэй ярилцлаа.
Ногоон байгууламжид учруулсан хохирлын 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлдэг
УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Д.Сүхбат:

-Нийслэлийн ногоон байгууламж зуны улиралд гэмтэх нь бага байдаг. Харин арваннэгдүгээр сарын эхнээс хоёрдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд гэмтэл маш ихээр учруулдаг. Явган зорчигчид л гэхэд зуны урин дулаан цагт зүлгэн дээр гишгэхгүй хэр нь өвөлдөө дуртай газраараа алхаж туучдаг. Ер нь автомашины осол аваараас үүдэлтэй гэмтэл зонхилдог. Тэр дундаа баяр ёслолын үеэр осол аваар нэмэгдэж, тэр хэрээр нийтийн эзэмшилд, ногоон байгууламжид их хэмжээний хохирол учруулах нь бий.
Өнгөрсөн жилд л гэхэд 150 сая төгрөгийн хохирлыг ногоон байгууламж, нийтийн эзэмшилд учруулсан байна. 2021 он гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 137 сая төгрөгийг хохирлыг барагдуулаад байгаа.

Ер нь нийт осол хэргийн 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлж, хохирлыг барагдуулж байгаа. Үлдсэн тал хувь нь олддоггүй. Нийслэлийн хэмжээний ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл иргэд хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж ногоон байгууламж, мод, бут, сөөгийг гэмтээчихээд нөхөн сэргээж, төлбөр, мөнгө өгдөггүй. Энэ нь эргээд нийслэлчүүдийн ая тухтай амьдралд сөргөөр нөлөөлөх төдийгүй нийтийн эзэмшлийг эвдэн сүйтгэж, хотын хувьд эдийн засгийн хор хохирол учруулж буй хэрэг юм.
-Ногоон байгууламжийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ. Мод, бут, сөөг, ургамлан хашлагыг хэрхэн үнэлж, төлбөрийг барагдуулдаг вэ?
-2007 оны НИТХ-ын 18 дугаар тогтоолоор баталсан “Ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын журам”-ыг баримталж, ногоон байгууламжийн үнэлгээг тогтоодог. Нэг ширхэг навчит модыг 487.500 төгрөгөөр, шилмүүст модыг 587.500 төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Дээрээс нь тухайн модны ургасан жил, тэр хугацаанд арчилгаанд зориулсан хөрөнгө мөнгийг нэмж тооцдог. Энэхүү үнэлгээ 2007 оноос өнөөг хүртэл мөрдөж байгаа учир шинэчлэх, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна.








Автомашин хэрэглэгч иргэд хурд хүчээ тохируулж явж сурах хэрэгтэй