УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны иргэдийн визны нөхцөлийг хөнгөвчлөх, улмаар визгүй зорчдог болох, баруун аймгуудад баригдах 10 дулааны станцын зээлийн гэрээний явцын талаар санал солилцжээ.

 Ковидоос шалтгаалан аялалын богино визыг олгож чадахгүй байна. Эмчилгээ болон сургалтын виз өгч байгаа. Ковид намжихаар аялалын виз хэвийн журмаар олгогдож эхэлнэ. Элчин сайд болсноосоо хойш ач холбогдол өгөн судалж байгаа ажлуудын маань нэг бол манай хоёр улсын хооронд визгүй зорчдог болох асуудал. 

Харамсалтай нь Монгол Улсын 40 гаруй мянган иргэн Солонгосд байдаг. Үүнийг 42 хувь нь хууль бус байна. Энэ үзүүлэлт нь визгүй болгох асуудлыг хойш татаж байгаа. Ойрын хугацаанд визгүй зорчдог болгочихвол энэ тоо улам өсөх эрсдэлтэй байна. 2019 онд ковид эхлээгүй байхад 100 гаруй мянган хүн БНСУ-аас Монгол оронд зорчин ирж байсан. Эхний ээлжинд Монголд ирж байгаа Солонгосчуудыг визгүй болгочихвол энэ тоо нэмэгдэж, Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх байх. 

Ингэвэл манай Засгийн газар Монголд “өртэй” мэт болж эргээд Монголчуудыг визгүй зорчдог болгох асуудлыг түргэвчлэхэд дөхөмтэй болох болно гэж Элчин сайд хэллээ. Үүнээс гадна БНСУ-д ажлын гэрээгээр олон Монголчууд ажиллаж, манай орны эдийн засаг, бүтээн байгуулалтад томоохон нөлөө үзүүлдэгт талархаж явдгаа ноён Элчин сайд уулзалтын үеэр онцоод, ковидын нөхцөл байдал намжмагц ажлын гэрээгээр виз олгох ажлыг шуурхайлахаа амлалаа.