О.Цэрэннадмид хойч үедээ эх орныхоо үзэсгэлэнт газрыг үлдээхийн төлөө цуцашгүй тэмцдэг нэгэн байв

Админ
2021/11/25

Академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэлийн сэтгэлийн зулыг хүргэж байна.

НОЁН УУЛЫН О.ЦЭРЭННАДМИД (1952-2021)

Хувь тавилан намайг олон сайн хүмүүстэй  байнга уулзуулдаг юм.  Тийм эрхэм сайн хүмүүний нэгэн бол яахын аргагүй домогт “Ноён уул”-аа аврахын төлөө 15 жилийн турш эцэс цуцашгүй тэмцэгч эмэгтэй хэмээн монгол даяараа хэн хүнгүй мэдэх болсон ОСОРБАЛЫН ЦЭРЭННАДМИД асан билээ. 

Этүгэн газар эхийнхээ ариун нандин хэвлийн алт, эрдэс баялгаар хөлжиж баяжих гэсэн  хязгааргүй шуналд автан хайр найргүй цөлмөн онгичих санаархал эх орны маань Сэлэнгэ ба Төвийн заагт далайн түвшнээс 1772 метр өндөрт  орших Ноён уулыг ч тойрч гарсангүй. Ноён уул зүгээр нэг алт агуулсан газар нутаг биш биш билээ.

Энэ их хайрхан  МЭӨ I зуунаас МЭ I  зууны үеийн эртний булш бунхан, монголчуудын өвөг дээдэс - Хүннү нарын аж төрөх ёс, соёлыг илтгэн харуулсан эд өлөг, урлагийн хосгүй үнэт олдворыг агуулсан газар нутаг билээ. Амин зуулга нь бэлчээрийн мал аж ахуй бүхий Хүннү нар Монгол Улсын эдүгээгийн нутаг дэвсгэрт төвлөрөн дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгт Алтайн чанадах уулс, умардад Байгаль нуур, өмнөдөд Ордос нутаг хүртэлх газар нутагт тархан нүүдэллэн аж төрж байжээ. Эх нутгийнхаа энэ агуу түүх, соёлын эртний үнэт, ховор нандин биет өвийг хамгаалахын төлөө  О.Цэрэннадмид асан бие хайргүй тэмцсэн. 

Ноён уулаас Балж, Хачуу, Мэхээрт, Сүжигт, Зурамт, Баян Зуунмод зэрэг олон гол эх авч урсдаг тул О.Цэрэннадмид асан алтнаас нь ч илүү үнэ цэнэтэй цэнгэг ундаа усаа ариглан хамгаалахын төлөө тууштай тэмцсэн. 

Ноён уул шинэсэн, хусан, нарсан ойтой учраас монгол орныхоо үлэмж багахан хэсэгт үлдсэн ой модоо нүдний цөцгий шигээ авран хамгаалахын төлөө тэмцэлд эрслэн боссон.

Девон (эдүгээгээс 410 сая жилийн өмнө эхэлж 60-аад сая жил үргэлжилсэн) галавын эрт ба дунд үеийн нарийн ширхэгт цайвар боржин, хадан цагаант боржин,  шүтлэг боржин зэрэг гүний чулуулгаас тогтсон эрдэс баялгийг байгаа тэр чигээр нь хойч үеийнхэндээ үлдээхийн төлөө О.Цэрэннадмид тэмцсэн. Энэ тэмцэл ямар нэгэн материаллаг ашиг хонжооны төлөө байгаагүй. Эх орныхоо хүрээлэн буй орчноо хамгаалах л ариун зорилгыг агуулсан. 

О.Цэрэннадмид агсны Ноён уулаа хамгаалахын төлөө оройлон манлайлсан тэмцэл хойч үедээ эх орныхоо домогт, үзэсгэлэнт газар нутгийг тэр чигээр нь өвлүүлж үлдээхийн төлөө цуцашгүй тэмцэл байв.

Ноён уулаа аврахын төлөөх О.Цэрэннадмидын оройлсон шантаршгүй тэмцэл хүнд хэцүү байсан. Энэ тэмцэлд эрхэм бээрийн зүрх сэтгэл ихэд шаналсан. Улс дамнасан баян компани, мөнгөтэй эрх мэдэлтэнтэй хийсэн хүч тэнцвэргүй “тулаан” байлаа. Олон удаа өлсгөлөн хүртэл зарлаж, жагсаал цуглаан зөндөө хийсэн. Ноён уулаа аврахын төлөөх 58 удаагийн шүүх хуралдаан болсон. Цагаа тулахлаар иргэний хөдөлгөөн ямар их хүчтэй болохыг иргэний нийгмийн төлөөлөл, иргэдийг нэгтгэн зангидаж чадсанаараа О.Цэрэннадмид асан монголчууддаа мэдрүүлж чадсан. Шүүх хуралдаан болгонд дэмжигч 50-аас доошгүй хүн оролцдог байсан гэж бодоод үз л дээ.

Олон жилийн турш үргэлжилсан энэ тэмцэлд О.Цэрэннадмид асан шантраагүй, улам л ирлэгдсээр, түүний иргэний эр зориг, шударга зан чанар улам тод илэрч байсан. Мах цусанд нь нэвт шингэсэн эдгээр дайчин чанар эрхэм бээрийн хаанаас улбаатай юм бол гэж бодогдох үе надад төрж байсан.

Эрхэмбээр монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Лхүмбийн зээ охин билээ. Дотоодыг хамгаалах газраас МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн,  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга “Ж.Лхүмбийн хэрэг” гэгчийг 1933 онд зохиомлоор буй болгон 2140 хүнийг холбогдуулж,  эхний ээлжид 534 хүнийг баривчилж, 60 орчмыг цаазалж, бусдад нь хорих ял ногдуулсны дотор Ж.Лхүмбэд хамгийн түрүүнд буудан хороох ял  шийтгэжээ. Энэ зохиомол хэрэг нь Монголд дагаар орсон буриадуудыг цагаантны оргодол, Японы тагнуул, панмонголизмын үзэлтэй хэмээн Коминтерн үзэж байснаас үүдэлтэй байв.  Ж.Лхүмбийг ЗХУ-д аваачин тэндэхийн шорон гянданд 5 сар гаруй суулган эрүүдэн байцаасан ч хэрэг хүлээгээгүй юм. Эх оронд нь авчирсны дараа өгсөн байцаалтад – Намайг Москвад сайхан нөхцөлд байлгаж, эмчлэн их зүйл амлаж байв. Тэгж сайн нөхдийнхөө цусаар гараа угааж, хар амиа бодохыг хүссэнгүй. Хэрэг хийгээгүй байж, өөрийн муу биеийг яаж гүтгэхэв дээ. Түргэхэн шиг буудуулж, зовлонгоос салсан нь дээр биз дээ хэмээсэн мэдүүлэг нь түүхийн баримт болон хойч үеийнхэнд үлджээ. Ийм эр зориг, шулуун шударга, нинжин сэтгэл, жудаг, үнэнч зан, нэр төр, тэсвэр тэвчээр, урвашгүй сэтгэл эрхэм бээрийн зээ охин О.Цэрэннадмидад өвөг эцгээс нь үе дамжин удамшжээ. О.Цэрэннадмид асан нэгэн удаа надад – Манайхан орон гэртээ хууль сахин биелүүлцгээе гэж ярилцдаггүй. Дандаа ёс суртахууны тухай яриа хөөрөө өрнүүлдэг биз дээ хэмээн хэлсэн нь  миний санаанаас ер гардаггүй юм. 

Цагаа тухлахаар “хүмүүний амь нас дээсэн дөрөөн дээр” хэмээсэн зүйр үг цаг хугацааны сорилтоор шалгагдсан үнэн үг юм байна шүү. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны үд дунд хавьд О.Цэрэннадмид асан урьдын адил над руу гар утсаараа хоёр зүйлийн тухай ярьсан. Эхлээд - Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг чинь надад их хэрэг болж байна. Яаж олж авах вэ? гэж асуухад нь – Таныг хот орж ирэхээр чинь гарын үсгээ зурж дурсгана гэж хариулсан. Дараа нь хохирч яваа нэгэн танилдаа өмгөөлөгч олж өгөхийг надаас хүссэн. Тэгэхэд О.Цэрэнадмидын дуу хоолойны өнгө нь цалгиун, хийморьлог, цоглог байсан. Бие биедээ эрүүл энхийн ерөөл дэвшүүлж удахгүй уулзахыг бэлгэдсэн... Аймшигт хэлмэгдлийн хор уршгийг бие сэтгэлээрээ амссан О.Цэрэннадмид асан дандаа л хохирч зүдэрсэн хэн нэгэнд тус болохыг хичээдэг байв.

Гэтэл маргааш өдөр нь – Ээжийн зүрх цохилохоо больчихлоо гэсэн гэнэтийн маш харуусалтай мэдээг “хуурай охин” П.Нарантуяа нь гар утсаараа надад дуулгаж намайг цочирдуулав. Ингэж олон мянган иргэдийн хамтын тэмцлийг нэгтгэн зохион байгуулж, Ноён уулаа авралцсан эрхэм хүмүүн О.Цэрэннадмид маань Мөнх тэнгэртээ гэв гэнэт од болон харвачихлаа.  

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид агсны нэгтгэн зохион байгуулсан тэмцлийн үр дүнд Ноён уул 2020 онд  дархан цаазат газар нутаг болж, улсын тусгай хамгаалалтад орсон тул Монгол Улсдаа онгон дагшин байдлаа хадгалж, мөнхөд сүндэрлэсээр байх болно. Ханаж цадашгүй шуналын цаламд сүйдэх гэж байсан домогт Ноён уулаа Та бид харах болгондоо түүнийг аврах үйл ажиллагааг зохион байгуулсан эрхэм эл эмэгтэйг байнга дурсан санах болно. Түүний нэр төр үр удам, хойч үедээ дархан цаазат Ноён уултайгаа хамт мөнхрөн үлджээ. Талийгаач маань энх тунх үедээ домогт Ноён уулаараа өөрийнхөө мөнхийн хөшөө дурсгалыг босгож дээ.   
 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 31.164.60.105
    2021/11/29

    Нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын Монголыг хусаж хулгайлж тонож дээрэмдэж байгаа аллага хулгай луйвар дээрмийн эсрэг тэмцсэн жинхэнэ монгол хүн байлаа. Улсын их хурлын 72 их хулгайчийн эсрэг тэмцсэн жинхэнэ монгол хүн байлаа. Эх орон чинь мартахгүй ээ

    Хариулах
  • 66.181.188.222
    2021/11/28

    Энэ Улс төрчид бизнесгүй мөртлөө яаж Тэрбумтан болоод байна Энэ чинь буруу юм байгаад байгаагийн тод жишээ шүү Урлаг Спортынхон бол хөлс хүчээрээ баян баянболж байгаа байх Гэтэл Энэ улс төрчид Багабанди Элбэгдорж СБаяр МиЭнхболд нар

    Хариулах
  • 103.26.194.231
    2021/11/27

    Эх оронч гэж цээжээ дэлдэгчид ухаарайсай. Энэ л эмэгтэйг жинхэнэ эх орон ч гэнэ. Ноён уулыг маань "мөнгө" гэж харж байгаа шунаг сэтгэлтнүүд өдгөө ч цагийн аясыг харан "шүлсээ" савируулан отож байгаа гэдгийг өнөөгийнхөн болон үр хойч үеийнхэн маань бүү мартаасай. Дархан цаатай гэгддэг Богд уулын маань дүр төрх нэгийг санагдуулам за.

    Хариулах
  • 66.181.189.117
    2021/11/27

    эх оронч дайчин 2 ч эмэгтэй бурхан боллоо Ноён уулын төлөө тэмцэж явсан 2 эмэгтэйЭх орноо зарж хулгайлж идэгсэд ичээсэй

    Хариулах
  • 202.126.88.163
    2021/11/26

    Хайран эх оронч хүн.Ард түмэн бид мартахгүй.

    Хариулах
  • 103.212.116.37
    2021/11/25

    Компаны захирал Чинбат гэдэг хүн энэ хүний ажлыг ихээхэн дэмжиж туслаж байсан гэдэг үнэн үү?ийм улсын ажил амьдрал өөдрөг байх болтугай

    Хариулах
  • 66.181.176.195
    2021/11/25

    Хайран сайхан хүн. Хамтран тэмцэгчид нь үйлсийг нь үргэлжлүүлэхийг тэнгэрээс харж, ивээх буйзаа.

    Хариулах
  • 202.55.188.103
    2021/11/25

    Аугаа эмэгтэй байжээ. Үнэхээр бахархаж бас харамсаж байна. Монголд минь энэ дайчин зоригт эхийн үргэлжлэл болсон бүсгүйчүүд олон олоноороо төрөн гарч үйл хэргийг нь үргэлжүүлэх болтугай. Ум сайн амгалан болтугай

    Хариулах