Төрийн өндөр дээд албан тушаалтнууд, албан хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил тод мэдээлдэг ХАСХОМ-ийн цахим сайтад “Эрдэнэставан толгой” ХК-ийг 878 янзаар “нэрлэсэн” байдаг гэвэл баргийн хүний санаанд буухгүй байх. Гэхдээ энэ бол баримттай зүйл. Магадгүй насанд хүрсэн хүн бүр ХАСХОМ-ийн маягтыг бөглөдөг байсан бол мөнөөх компани бүр ч олон янзаар “нэрлэгдэхийг” үгүйсгэхгүй.
“Монголын дата клуб”-ынхан шилэн данс, тендэр, ХАСХОМ, Хуулийн этгээдийн бүртгэлийн сан зэрэг дата мэдээллийн баазуудад эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын хамгийн их татвар төлөгч төрийн өмчит гурван компанийн худалдан авалт, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийжээ.
Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэставан толгой”, “Монголросцветмет” компаниудын 2016 оноос хойш энэ оны эхний хагас жилд хамаарах худалдан авалтын өгөгдөл мэдээллийг шинжилж үзсэн байна. Тооцоолсноор энэ гурван компанийн нийт худалдан авалтын дүн 5.8 их наяд төгрөгөөр хэмжигджээ. Манай улсын нэг жилийн төсвийн орлогын тал орчим хувьтай дүйж очих хөрөнгө гэсэн үг.
Тендэрийн мэдээллийн санд дээрх гурван компанийн 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн байх бөгөөд нийт худалдан авалтын 70 хувийг 7 компани нийлүүлжээ. Үүнээс дөрөв нь “Эрдэнэставан толгой” ХК-ийн оператор компани бөгөөд 5.8 их наядын худалдан авалтын 58 орчим хувийг эзэлж байгаа аж.

Харин давтамжаар нь аваад үзвэл 10-аас дээш удаа, бүр 68 удаагийн ч тендерээр нийт 1.2 их наяд төгрөгийн ханган нийлүүлэлт хийсэн 70 гаруй компани байна. Үүнээс 20-оос дээш тендерээр ханган нийлүүлэлт хийсэн 14 компани анхаарал татаж байв.
Өөрөөр хэлбэл сард хоёр удаа эсхүл сар бүр тендер зарлаж худалдан авдаг ямар ажил, бараа, үйлчилгээ байдгийг дэлгэрүүлээд харвал сонирхол татна. Эдгээрээс ХАСХОМ-ын мэдүүлэгтэй холбогдож буй компани ч байна.
“Монголын дата клуб”-ын энэ удаагийн өгөгдлийн шинжилгээний нэг онцлог нь өгөгдлүүдийг нэгтгэх оролдлого байлаа. Тухайлбал, шилэн данс, тендэрийн мэдээллийн сан дахь гурван компанийн өгөгдлийг ХАСХОМ-ийн мэдээллийн сантай тулгахад 4000 гаруй ханган нийлүүлэгчдээс 132 компани нь АТГ-д мэдүүлэг өгөх үүрэгтэй албан тушаалтнуудын 535 мэдүүлэгтэй таарчээ.
Тус 132 компани 440 тэрбум төгрөгтэй тэнцэх бараа, үйлчилгээг уул уурхайн гурван том компанид нийлүүлж байсныг өгөгдлийн дүн шинжилгээ харуулжээ. Түүнчлэн тендэр зарлахгүйгээр шууд худалдан авдаг бараа, ажил, үйлчилгээний үнийн дүн 80 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд үүнээс 12 тэрбумыг ХАСХОМ-д бүртгэлтэй 100 компани бүрдүүлсэн байна.
Өгөгдлийн шинжээчид шилэн данс дахь төрийн өмчит уул уурхайн гурван компанитай харилцсан 6000 орчим компанийн нэрийг УБЕГ-ын мэдээлэлтэй тулгахад 1700 орчим байгууллагын бүртгэл олдоогүй аж. Энэ нь эдгээр байгууллага байхгүй гэсэн үг биш. Харин нийтлэлийн эхэнд дурдсан шиг харилцсан байгууллагуудынхаа нэрсийг янз бүрээр бичсэн тул албан ёсны Хуулийн этгээдийн бүртгэлийн сангийн өгөгдөлтэй машинд уншигдахаар таараагүй гэж ойлгож болно. Тиймээс хүний оролцоотой буюу нүдээрээ таниж, гар аргаар хайлт хийж байж 1600 компанийн мэдээллийг тулгаж, нэгтгэсэн байна. Нэрс нь огт олдоогүй 100 гаруй байгууллага үлджээ.

Facebook page: Mongolian Data Club
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!