Турк улсаас Монгол Улсад агаарын тээврээр ирсэн ачаанд цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд хушганы самарт нуусан мансууруулах бодис илэрчээ.

Урьдчилсан шалгалтаар Монгол Улсын гурван иргэн уг бодисыг ашиг олох зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нь тогтоогдсон байна.

Тодруулбал, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хушганы самарт нууж, Монгол Улсад оруулж ирэхийг завдсан хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хорих ялтай.